horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Э.Батшугарын 73 эмнэлгийг тоолон хүлээе

post-img

2027 онд 73 шинэ эмнэлэг барина гэж Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар олон нийтэд мэдэгдээд байна. Ганц жилд ийм олон эмнэлэг барина гэдэгт олон хүн эргэлзэв. Одоо барьж байгаа 39 эмнэлэг дээрээ ирэх жил нэмж 34 эмнэлэг бариад ийм тоонд хүргэхээр тэд төлөвлөжээ. Тэгээд бүгдийг нь  ирэх жил ашиглалтад оруулж, 73 гэж тоолох юм байна.

Улсын төсөвт тусгасан жагсаалтыг харвал одоо улсын хэмжээнд 24 эмнэлэг барьж байгаа аж. Үүн дээр нэмж 14 эмнэлэг лав шинээр барьж эхлэх нь. 3 эмнэлэгт энэ онд хийж буй их засварыг үргэлжлүүлж, 3 эмнэлэгт шинээр их засвар хийнэ. Тэгсэн ч 73 хүрэхгүй нь ээ.

Одоо улсын хэмжээнд Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл нь нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбар, эдийн засгийн үйл ажиллагаа байна. Нэгдсэн төсвийн 2026 оны нийт зарлагад төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлын эзлэх хувийг тооцож үзье.

  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зардал 28.4,
  • Эрүүл мэндийн сайдын зардал 10.3,
  • Боловсролын сайдын зардал 10.9,
  • Сангийн сайдын зардал 10.5,
  • Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардал 19 хувь

Эдгээр сайдын зардал нийт зарлагын 79.2 хувийг эзэлж байна. Төсвийн урсгал зардлын 82 хувийг мөн л тэд зарцуулж байгаа аж. “Энэ бол Монгол Улс нийгмийн халамж, хамгааллын улс болсныг илтгэнэ” гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2026 оны төсвийг дүгнэжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үнэлэх, эрэмбэлэх тогтолцоо, дүрэм журамд алдаа дутагдал, сул тал олон байгааг тус зөвлөл онцолж буй. Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”, Сангийн сайдын 2019 оны 282 тоот тушаалаар баталсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөх, үнэлэх, эрэмбэлэх журам”-д сайд нар Сангийн яаманд дараа оны төсвийн саналыг боловсруулж ирүүлэхдээ шинээр хэрэгжүүлэх төслийн эдийн засгийн үр ашгийг тооцсон байх үүрэгтэйг заажээ. Гэтэл Сангийн яаманд сайд нараас ирүүлсэн төсвийн саналуудад эдийн засгийн үр ашгийн нарийвчилсан шинжилгээ, тооцоо хийсэн санал алга байжээ.

Эдийн засгийн шинжилгээ, тооцоо хийгээгүй төслийг Сангийн яам хүлээн аваад, 30 гаруй хоногийн дотор бүхий л төслийг зөв оновчтой үнэлэх, эрэмбэлэх боломжгүй. Ийм ч учраас жилээс жилд ач холбогдол багатай, оновчгүй хөрөнгө оруулалтын төсөл төсөвт тусгадаг болоод байгаа. Тухайн барилгыг барих, ажлыг хийх явцад төсөв, зардал нь өсдөг нь үүнтэй нэг талаар холбоотой. Үүний ард шинэ цэцэрлэг, сургуулиа хүлээсэн сурагч, багш нар хохирдог. Хуучин эмнэлэгтээ багтахгүй яваа эмч, өвчтөнүүд зүдэрдэг. Тухайн барилгыг барихаар тендерт шалгарсан аж ахуйн нэгж ажлаа алдаж, эцэст нь улстөрчдөд чичлүүлж, хар жагсаалтад орохдоо тулдаг.

Үүний ард байгаа хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь болсон сайд нар ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ийм гажуудал дараа жил ч давтагдаж мэдэх нь. “73 шинэ эмнэлэг” гэдэг хэн хүн амаараа амархан гаргах тоо уг нь биш сэн.

0/1000