horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Канад агаарын довтолгооноос хамгаалах зориулалтаар 350 сая канад доллар Украинд олгоно

post-img

Канад улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах пуужин нийлүүлэхэд зориулж 350 сая канад долларын тусламж үзүүлэхээр боллоо. Энэ талаар Ерөнхий сайд Марк Карни Украины Ерөнхийлөгч Владимир Зеленськийтэй уулзсаны дараа мэдэгдэв.

Украин ОХУ-ын баллистик пуужинг сөнөөх чадвартай АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” пуужингийн нөөц багассан үед уг тусламжийг авахаар болж байна. Москва агаарын довтолгоогоо эрчимжүүлж буйтай холбоотойгоор Украины агаарын хамгаалалтын хэрэгцээ нэмэгджээ.

М.Карнигийн мэдээлснээр зэвсгийг гуравдагч орнууд Украинд “Patriot” зэрэг зэвсгийг шуурхай худалдан авч нийлүүлэх боломж олгодог АНУ-ын хөтөлбөрөөр дамжуулна. Гэхдээ яг ямар төрлийн пуужин, хэзээнээс нийлүүлэхийг тодруулаагүй байна.

Канад улс ОХУ Украинд халдсанаас хойш тус улсад 25.5 тэрбум канад доллароос давсан тусламж, үүний дотор 8.5 тэрбум канад долларын цэргийн тусламж үзүүлээд байна.

Мөн Канад дрон үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, ойрын хоёр жилд жилд хэдэн сая дрон үйлдвэрлэх зорилт тавьснаа Ерөнхий сайд мэдэгдэв. Үүний гуравны нэгийг Украинд нийлүүлэхээр төлөвлөжээ.

0/1000