Өвөрхангай аймгийн засаr дарга асан А.Ишдоржид нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх төрийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасаж, 12 жил 1 сар хорих ял оноов. Түүнд хахууль өгсөн Т.Баатарсүрэнг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жилээр хасаж, 2 жил хорих ялаар шийтгэлээ.
А.Ишдоржоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ.
А.Ишдорж 2023 онд “Бако констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 1.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг зөвшөөрч, санхүүжилт олгожээ. Үүнийх нь хариуд Т.Баатарсүрэн 2023 оны 2 дугаар сарын 17-нд А.Ишдоржийн эхнэрийн дүү Р.Отгонбаатарын данс руу “Материалын үнэ” гэж 10 сая төгрөг шилжүүлсэн аж. Үүнийгээ А.Ишдорж “Зээлээд буцааж өгсөн” гэж тайлбарладаг.
АТГ энэ хэргийг шалгаж тогтоон, шүүхэд шилжүүлсэн юм. Нийслэлийн Прокурорын газар А.Ишдоржид Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Харин Т.Баатарсүрэнд хахууль өгсөн хэргээр Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

