Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хайгуул хийж байна. 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг 5 хоног ажиллахдаа тулааны талбарт амь үрэгдсэн 65 дайчны шарилын үлдцийг олж, 11 нэр төрлийн 3000 гаруй сум, галт хэрэгсэл, мина илрүүлж, аюулгүй болгов.
Газрын гүнээс танкнаас тасарсан гинжний хэсгүүд олсон байна. ОХУ-ын шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр эдгээр нь Японы танкны үлдэгдэл байх магадлалтай ажээ.
Энэ удаагийн малтлагаар Оросын шинжээчид урьдын адил хээрийн нөхцөлд түр лаборатори ажиллуулж, олдворуудыг нарийвчлан шинжилж байна. Эд зүйлсийг баримтжуулах судалгааг ч газар дээр нь хийж байгаа аж.


