БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ амралтын өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотод болж, Ойрхи Дорнодын дайнаас үүдсэн гишүүн орнуудын зөрчлийг зохицуулах нь гол сорилт болох төлөвтэй байна.
Есдүгээр сарын 12-13-нд болох уулзалт АНУ, Израиль Иранд халдлага эхлүүлснээс хойш зургаан сарын дараа болж байна. Дайны улмаас газрын тосны худалдааны гол гарц болох Хормузын хоолойн тээвэр бараг зогсож, нефтийн үнэ баррель нь 100 ам.доллароос давжээ.
БРИКС-ийн гишүүн АНЭУ Ираны пуужингийн халдлагад өртсөний дараа наймдугаар сард Ирантай хийх худалдаа, санхүүгийн бүх гүйлгээгээ зогсоосон байна. Харин Иран уг дайнд шууд оролцож байгаа тул хоёр орны байр суурь эрс зөрж байна.
Уулзалтын гол зорилго нь Персийн булангийн хямралын талаар Иран болон АНЭУ аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц байр суурь боловсруулах явдал аж. Үүний зэрэгцээ БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчид хамтарсан тунхаглал гаргахаар төлөвлөж байна.
Уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш оролцоно.


