Дорнод аймгийн Прокурорын газрын хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Т.Батжаргалын мэдээллээр сүүлийн 2 жилийн хугацаанд шалгасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүний 2.5 тэрбум нь ой, хээрийн түймрээс учирсан хохирол байна. Энэ нь нийт хохирлын 97 орчим хувийг дангаараа эзэлж байгаа аж.
Ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэгт холбогдсон 5 хүнд холбогдох 5 хэргийг Дорнод аймгийн Прокурорын газар шүүхээр шийдвэрлүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Үүнээс 1 нь нутгийн иргэн, 4 нь явуулын хүмүүс байв.
Шүүх тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр 1-2 жил тэнсэх ял оноож, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэжээ. Үүний зэрэгцээ байгаль орчинд учруулсан хохирлыг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тухайлбал: Дорнод аймгийн Баяндун сумын нутагт 2024 онд иргэн Н-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн янданд өвс хуримтлагдаж, оч хаяжээ. Үүний улмаас хээрийн түймэр гарч, 1 хүн өртөн, амиа алдсан бол 81.1 мянган га талбай шатжээ. Байгаль орчинд 2.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, иргэд 739 сая төгрөгийн эд хөрөнгөө алджээ.
Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 24.7.1 дэх хэсэг (Болгоомжгүйгээр хээрийн түймэр тавих)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх тухайн иргэнийг 1 жил, 5 сар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн байна. Мөн байгаль орчинд учруулсан хохирлынх нь 2%-тай тэнцэх 40.9 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, талийгаачийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99 сая төгрөг олгуулахаар шийдвэрлэжээ.

