Ерөнхий сайд Н.Учралын ээж М.Цэцэгмаагийн нэр дээр бүртгэлтэй “Их засаг кинг” сургуульд Монгол Улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар төсөлд тусгасан нь ил болоод буй. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Л.Гантөмөр ийм байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
–Ерөнхий сайдтай хариуцлага тооцох ганц боломж бол огцруулах шүү дээ.
-Тэрийгээ хэзээ өргөн барих юм бэ? Хаврын чуулганы төгсгөлд л “Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүний тоо бүрдсэн” гэж байсан шүү дээ.
-Тийм тийм.
–АН-ын Улс төрийн зөвлөл ямар асуудал хэлэлцэв? Ерөнхий сайд танай намын бүлэгт “Итгэл үзүүлээч” гэдэг агуулгатай бичиг хүргүүлсэн юм уу?
-Үгүй, үгүй. Итгэл үзүүлэх асуудлыг Ерөнхий сайд өөрөө өргөн мэдүүлэх ёстой. Тиймээс манайх итгэл хүлээлгэх асуудал ярихгүй. Би бол огцруулах асуудал хэлэлцэнэ гэж л ойлгож байна.
-Ерөнхий сайдыг ямар асуудлаар огцруулах вэ?
-Огцруулах түмэн шалтгаан байгаа биз дээ. 1-рт, үнийн өсөлтийн эсрэг огт хөдөлсөнгүй. Ямар нэг бодлого байх ёстой. Ялангуяа сүүлийн 7 хоногт түрээсийн үнэ огцом нэмэгдлээ. Бензин шатахууны асуудлыг шийдсэнгүй. Бензин авах нь бидний хувьд ажил боллоо. Ингэж болохгүй шүү дээ.
-Төсвийн тодотгол батлахгүй гэдэг ч юм уу, тийм шийдвэр гарсан уу?
-Одоогоор ямар нэг шийдвэр гараагүй байна.
-Та Боловсролын сайдаар ажиллаж байсан хүн. Ерөнхий сайдын сургуульд улсын төсвөөс мөнгө хуваарилсан гэдэг асуудал яригдаж байна. Үүн дээр Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой юу?
-2023 онд Нийтийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд төрөөс зээл авахтай холбоотой шинэ зохицуулалт орсон. Төртэй тендер болон ямар нэг харилцаанд орохыг хориглоно гэж байгаа. Яг энэ хориглолтынхоо дагуу бид явмаар байна. Нийтийн ашиг сонирхлын тухай хуулиа УИХ дээр сонсмоор байна. Ямар хүмүүсийн ах дүү нар ямар тендерт орсон бэ? Ямар хүмүүсийн хамаатан садан улсын төсвөөс мөнгө авч байна вэ? Энэ хууль биелж байна уу?
Бид хууль баталдаг. Ашиг сонирхлын зөрчил хаана гарав. Хэн юу болов гэдгийг хянасангүй. Төсвийн хөрөнгийг хувийн сургууль, цэцэрлэг, компанид шууд олгодог байж болохгүй. Энэ санал, санаачилга нь буруу. Эсвэл тухайн байрыг тендер зарлаад түрээсэлж авах ёстой. Тэгэхгүй Засгийн газар түрээслээд, мөнгөө төлнө гэдэг ямар ч тохиолдолд буруу.

