УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ямар асуудал хэлэлцсэн, ямар шийдвэр гаргасан талаар гишүүд нь сэтгүүлчдэд танилцуулж байна. АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралыг өөрөө “Надад итгэл үзүүлээч” гэсэн бичиг УИХ-д өргөн барьтал шахаж ажиллах шийдвэр гаргажээ. Н.Учралыг тийм бичиг УИХ-д өргөн барихад нь “Итгэл үзүүлэхгүй” гэсэн саналыг АН-ын бүлгийн бүх гишүүн өгөх юм байна. Энэ бол Улс төрийн зөвлөлийн шийдвэр тул бүлгийн бүх гишүүн хувийн байр суурь хамаарахгүй, бүгд дагаж мөрдөх үүрэгтэй.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-ХЗДХ-ийн сайд нь ял наймаалцаж, Гадаад хэргийн сайд нь өөрийнхөө компаниар гадаад паспорт хэвлэж, Зам тээврийн сайд нь хөрөнгө оруулагчдыг залилж, ЗГХЭГ-ын дарга нь 110 сая ам.доллар авсан асуудалд холбогдсон. Н.Учралын ЗГ кабинетаараа юу болчихсон юм бэ? Сайд нар нь Ерөнхий сайддаа итгэхгүй байна. Ерөнхий сайд ч сайд нартаа итгэхгүй байна.
Сүүлд гарч буй мэдээллээр авлига, хээл хахууль хэрээс хэтэрлээ. Улс төрийн зөвлөлийн шийдвэр “Итгэл үзүүлэх асуудлыг өргөн барьтал нь Н.Учралыг шахаж ажиллана. Энэ үед АН-ын бүлэг итгэл үзүүлэхгүй гэсэн байр суурийг нэгдмэл байдлаар баримтал” гэсэн үг.
УИХ-д ЗГ 43 их наядын төсөв өргөн барьсан. Хавар баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд хуулийн хязгаар байхгүй. Ийм хэмжээгээр төсөв тэлэх хууль байхгүй. Гэтэл яагаад УИХ-ын дарга хүлээж авав. Үүнээс асуулт гарна. Хүчин төгөлдөр байгаа хуулийн дагуу төсөв өргөн барих ёстой. Гэтэл төсвийн тодотгол өргөн барихдаа Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Ирээдүйд өөрчлөх хуулийг ашиглаж, төсөв өргөн барьж болохгүй.
Ирэх жил Эрүүгийн хууль өөрчлөгдөнө. Тэгэхээр би өнөөдөр гэмт хэрэг үйлдчихье гэж болох уу?
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Энэ удаад манай нам тодорхой чиглэл гаргаж байна. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир. “АН-ын бүлэг үүнийг баримтал” гээд намын Улс төрийн зөвлөл шийдвэр гаргасан. Тэгэхээр бүгд мөрдөнө. Мань мэт нь юу бодох нь ямар ч хамаагүй гэсэн үг. АН-ын Улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг бүлгийн гишүүд бүгд дагах ёстой. Энэ асуудал дээр бүлэг нэгдсэн байр суурьтай явах ёстой.
С.Баярцогт:
-МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрч, 3 дахь ЗГ нь ажиллаж байна. МАН 2 том блокт хуваагдчихсан. Үүнд АН-ыг буруутгаж болохгүй.
-Засгийн газрыг огцруулах асуудлыг шууд тавьж болохгүй юм уу?
-Огцруулах асуудлыг оруулж ирэхгүй бол улс төрийн үйл ажиллагаа явуулна. Тайвнаар эсэргүүцлээ илэрхийлэх бүхий л боломжийг ашиглана.

