Мексикийн өмнөд хэсгийн Оахака мужийн эрэгт 330 мянга гаруй оливын далайн яст мэлхий бөөнөөрөө цуглан өндөглөсөн байна. Энэхүү байгалийн ховор үзэгдлийг испаниар “ирэлт” гэсэн утгатай “arribada” хэмээн нэрлэдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт эдгээр яст мэлхийн оршин тогтноход заналхийлж байгааг мэргэжилтэн анхааруулжээ.
Ла-Эскобийя яст мэлхийн дархан цаазат газрын мэдээлснээр, энэ жилийн зургаа дахь “arribada” гуравдугаар сараас хойш үргэлжилж байгаа бөгөөд яст мэлхийнүүд 48 цаг хүрэхгүй хугацаанд олноороо эрэгт гарч, өндгөө даржээ.
Мексикийн Холбооны Байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээллээр, 2025 оны есдүгээр сард мөн болсон “arribada”-гаар 269 мянга 850 яст мэлхий өндөглөж, улмаар ойролцоогоор 26 сая ангаахай гарах төлөвтэй байжээ.
Оливын далайн яст мэлхий нь далайн болон эргийн экосистемд чухал үүрэгтэй бөгөөд эрэг, манхан бүсэд шим тэжээл нийлүүлэхийн зэрэгцээ медуз болон хөвөн биетний тоо толгойг зохицуулахад хувь нэмэр оруулдаг байна.


