Ираны Хувьсгалын гвард Панамын далбаатай “El Gaia” газрын тос тээвэрлэгч хөлөг Ормузын хоолойн өмнөд хэсгийн зорчихыг хориглосон бүсээр нэвтрэх үеэр далайн минад оногдсон гэж мэдэгдсэнийг “Fars” агентлаг даваа гарагт мэдээлжээ. Харин АНУ-ын Төв командлал уг мэдээллийг худал гэж үзэж, “El Gaia” хөлөг өнгөрсөн сард Ираны пуужингийн цохилтод өртсөн гэж мэдэгдсэн байна.
НҮБ-ын Олон улсын далайн байгууллага “El Gaia” хөлөг есдүгээр сарын 12-нд гэмтэж, хоёр далайчин сураггүй болсон гэж мэдээлсэн бол Их Британийн Тэнгисийн цэргийн хүчинтэй холбоотой UK Maritime Trade Operations байгууллага Ормузын хоолойд нэгэн хөлөг пуужин, эсвэл суман зэвсгийн цохилтод өртөж, гал гарсны улмаас багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээлжээ.
“Reuters” талуудын зөрүүтэй мэдээллийг бие даан баталгаажуулж, хөлгийн Дубайд төвтэй эзэмшигчидтэй шууд холбогдож чадаагүй байна.
Ормузын хоолой нь Дэлхийн газрын тос тээвэрлэлтийн хамгийн чухал замуудын нэг. Бүс нутагт хоёрдугаар сарын 28-нд мөргөлдөөн эхэлснээс хойш тээвэрлэлтийн үйл ажиллагаа ихээхэн тасалдаад байна. Иран зөвшөөрөлгүйгээр тус хоолойгоор нэвтэрч буй хөлөг онгоцуудыг анхааруулсаар байгаа бөгөөд “El Gaia” нь өмнө нь Тегеран тус хоолойн үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэж буруутгаж байсан олон хөлгийн нэг ажээ.


