horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Г.Дамдинням: Хятадаас жилд 1 сая тн шатахуун авахаар ажиллаж байна

post-img

Г.Дамдинням сайд БНХАУ-д ажиллаж, газрын тосны бүтээгдэхүүн байнга авахаар тохиролцоод ирсэн. Энэ талаар түүнээс тодрууллаа.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:

-ОХУ одоо зөвхөн Монгол Улс руу шатахуун экспортолж байна. Бусад улс руу экспортлохгүй байгаа. Өнгөрсөн 7, 8-р сараас эхлээд манай хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа. Бид үлдэж байгаа хэсгээ БНХАУ, БНСУ-аас авч байна.

БНХАУ дотооддоо шатахуун хязгаарлалттай, экспортлох хориотой байдаг. Сая БНХАУ “Манайд тогтмол нийлүүлье” гэж анх удаа дугаарлаа. 2-рт, үнийн томьёо тохиръё гэсэн. Үнээ тохирч чаддаггүй байсан. Зах зээлийн зарчмаар үнээ тохиръё. Манай талд тавьж байгаа үндсэн шаардлага бол захиалгаа нэгтгэж өгөх, заавал тогтмол авах. “Ядарсан үедээ битгий гүйж ирээд байгаач” гэдэг шаардлага тавьсан.

-Хятадаас хэр хэмжээний шатахуун авах вэ?

-Бид жилдээ 3 сая тн шатахуун хэрэглэдэг. Үүний 1 саяыг авахаар ажиллаж байна. Урд хил дээр байгаа дамжуулан ачих байгууламжийн хүчин чадал Монгол Улсын нийт хэрэглээний 60%-ийг хангахаар болсон. Хувийн 2 компани дамжуулан ачих байгууламж шинээр бариад дууссан.

-Хятадаас авах шатахууны үнэ ямар байх бол?

-Дэлхийн зах зээлийн үнэ баримтлахаас өөр аргагүй байгаа. Евро2 төрлийн шатахууныг ОХУ л үйлдвэрлэж байна. ОХУ өөрөө Евро5 стандарттай болсон. Манайх хямд шатахуун авах хүсэлт тавьдаг учраас зөвхөн Кыргыз, манай улс 2-т л зориулж, Ангарскийн үйлдвэртээ 1 шугам ажиллуулдаг.

БНХАУ бол Евро5 стандарттай. Одоо Евро6 руу шилжиж байна. Бид Евро5 руу шилжихээс өөр аргагүй байдалд орж байгаа.

-Намрын ажил ид оволзож байна. Шатахууны хангамж хэр байх бол?

-Энэ намрын тухайд харьцангуй гайгүй. Энгийн АИ92 бензинээс бусад шатахууны үнэд ЗГ ерөөсөө оролцдоггүй. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 107 доллар боллоо. Улам л өсөөд байна. 3.7 л орчим бензин 8 доллар болчихлоо.

Манай улс хангалтаа таслахгүй байхыг хичээж байна. Одоогоор нөөц бүрдүүлж хараахан чадаагүй байна. Оруулж ирж байгааг нь бүгдийг нь түгээж байна. Үнэндээ олж ирж чадаж байвал амжилт.

-“Шатахуунаар хангаж чадахгүй бол огцор” гэж зарим хүн шаардаж байгаа шүү дээ.

-Хэн нэгэн хүн ЗГ огцроод шатахууны хангалт хэвийн болчихдог бол болно. Ямар ч асуудал байхгүй. Энэ оны төгсгөл гэхэд хадгалах чадвараа 14 хоногоор нэмэгдүүлнэ. Ирэх оны өдийд гэхэд 2 сарын нөөцөө хадгалдаг болчихно.

0/1000