Нийслэлийн Cонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг хагалгаанд орох хүн унтуулдаг зарим тариа тасарсан тухай тус эмнэлгийн Мэс заслын тасгийн элэг, цөсний хавдрын мэс заслын их эмч Б.Хонгор олон нийтэд мэдээллээ. Үүнээс болж, төлөвлөгөөт хагалгаа хийх боломжгүй болсон байна. Улс, аймгийн III шатлалын эмнэлгүүд “Фентанил”-гүй болсон тул хагалгаагаа хойшлуулж байгаа аж. Гэнэтийн, яаралтай, амь насанд нь аюул учирсан өвчтөнүүдэд байгаа нөөц тариагаа ашиглан хагалгаа хийж байгаа гэнэ.
Бусад өвчтөнийг “Фентанил” тариа олоод ирвэл хагалгаа товлож болно” хэмээн явуулдаг болжээ. Энэ тариа мансууруулах, сэтгэцэд нөлөөт бүлгийн эмэнд багтдаг, хүчтэй үйлчилгээтэй. Иймд тарилга хэлбэрийг нь эмийн санд зардаггүй, зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг. Эм ханган нийлүүлэх байгууллагууд үүнийг зөвхөн эмнэлэгт нийлүүлдэг юм байна.
Cонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн элэг, цөсний хавдрын мэс заслын их эмч Б.Хонгор:
-Ерөнхий мэдээгүйжүүлэгтэй (унтуулгатай) төлөвлөгөөт хагалгаанууд орох боломжгүй боллоо шүү, хүмүүс ээ! Унтуулгын үеэр хэрэглэдэг зарим тариа (фентанил) тасраад, сар орчмын нүүр үзэж байна. Энэ хугацаанд манай эмнэлэгт лав хааяа хааяадаа амь зогоох хэдхэн ширхгийг өгч, өнөөхийгөө хэдэн тасагтаа дотроо хуваарилж, амь зогоож байгаа үзэгдэл танил боллоо.
Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэхийг, ямар арга хэмжээ авч байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэлгүй л энэ тариаг зайлшгүй хэрэглэдэг эмнэлгийн ажилчид маань хий дэмий санаа зовсон байдалтай төлөвлөгөөт хагалгаанд орох хүмүүсээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар л байна.
Он дуустал энэ байдлаараа байвал бүр яаралтай хагалгааны үед ч тариагүй хэцүү байдалд орохоор болоод байдаг. Ганцхан энэ тарианы хомсдолоос үүдэж улс даяараа төлөвлөгөөт хагалгаанууд хойшлох, хүлээгдэл хэт их үүсэх, хүний амь нас эрүүл мэнд цаг хугааны хүлээгдлээс үүдэж хохирох, бүр цаашлаад эмнэлгүүд огт нөөцгүй болчихвол яаралтай нэн амь тэнссэн үеийн мэс засал ч ороход хэцүү болох үр дагавартайг мэргэжлийн хариуцаж ажилладаг эрх бүхий хүмүүс нь мэдэж байгаа гэж найдаж байна.
Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар та тодорхой мэдээлэл өгч, яаралтай арга хэмжээ авч ажиллаач ээ! гэж хүсч байнаа. Сайдыг таньж мэддэг, ойрын хүмүүс нь энэ постыг харж байвал сайдад энэ мессежийг дамжуулаарай гэж давхар хүсье!!!
Энэ ганцхан манай Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт тохиолдоод байгаа явдал биш. Улс даяар ийм болчхоод байгаа шүү.

