Монголын улс төрд, МАН дотор болоод буй үйл явдалтай холбогдуулан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа.
–Хууль зүйн сайд байсны хувьд одоо өрнөж буй үйл явдлыг та юу гэж харж байна вэ?
-МАН-ын 2 хуваагдсан бүлгийн хоорондын зодоон ЗГ-ын сайд нарын хоорондын толхилцооноос давсан. Тогтолцооны авлига, тогтолцооны хямрал нүүрлэсэн байна. Яг галт уул шиг дэлбэрч байна шүү дээ, энэ худал үнэн нь мэдэгдэхгүй үй түмэн мэдээлэл. Буухдаа галт уулын тоос шиг бүх хүний тархийг бохирдуулж байна. Одоо төр, УИХ ажлаа хийх цаг болжээ.
МАН зодолдохоороо бөөн зөрчил, гэмт хэрэг ярьж сенсаацалдаг. Тэврэлдэхээрээ тосоо гартал албан тушаалаа наймаалцдаг. Ийм л түүхтэйгээр 10 жил хэдэн ЗГ дамжуулж явлаа шүү дээ.
Тийм учраас парламентыг ажилд нь оруулъя. Парламентыг бэхжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон ажил санаачилсан. Түүний 1 нь Хууль сахиулах тусгай хяналтын дэд хороо гэж байгаа. Энэ хуулийг өргөн бариад, батлуулах гэж бараг жил явлаа. МАН-ын нэр бүхий нөхөд үүнийг батлуулахгүй гэж нэлээд үзсэн. Баталсны дараа үйлчлэх хугацааг нь жил хойшлуулсан. Энэ оны 5-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон. Тусгай хяналтын дэд хороог байгуулахгүй одоо хүртэл явж байгаа. Шалтгаан нь ердөө энэ.
Энэ олон мэдээллийн аль нь үнэнийг сортолдог систем чинь энэ парламентын хяналт байхгүй юу. Одоо Тусгай хяналтын дэд хороо байгуулаад, мөрдэстэй генералууд нь хууль бус үйл ажиллагаа явуулсан юм уу, үгүй юм уу? Хэнийх нь ярьсан нь худал, хэнийх нь үнэнийг баримтаар нь нягталж үзэх хэрэгтэй.
–Таныг Хуульзүйн сайд байхад бас иймэрхүү дуулиан дэгдэж байсан даа.
-Тэр үед алга ташаад, үгүй мөн их баярлаж байсан хүмүүс өнөөдөр үйлийн үрээ эдлээд, өөрсдөө ухуулаад сууж байна. Тэр үед шийдчихсэн байсан бол… Мөрдэстэй хүмүүс нь хуваагдаад, улстөрчдийн гар хэрэгсэл болдог. Хууль хүчний байгууллагууд нь хийх ёстой ажлаа хийхгүй улстөрийн захиа даалгавраар онилж ажилладаг систем аль эрт зогсчих байсан юм шүү дээ.
-ХЗДХ-ийн сайдын өчигдрийн мэдэгдэл дунд “Хууль хүчний байгууллагууд төрийн эрхийг хууль бусаар авах алхам хийлээ” гэсэн агуулга байсан нь анхаарал татсан. Та үүнийг юу гэж харсан бэ?
-Би бол “Хохь нь” л гэж хэлж байгаа ш дээ. Хохь нь ш дээ. 2014, 2015 онд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч 2 юун дээр маргасныг санаж байна уу? Хууль сахиулах байгууллагынханд цэргийн цол буюу генерал цол олгохыг болиулсан байхгүй юү. Гэтэл МАН 2016 онд гарч ирээд, хамгийн түрүүнд хийсэн зүйл нь хууль сахиулах бүх байгууллагын толгойд генерал цол олгодог болгосон.
Одоо хууль сахиулах байгууллагын толгойд ямар хүмүүс байгааг мэдэх үү? Мэргэжилдээ үнэнч, иргэнээ хамгаалдаг, дотоод аюулгүй байдалдаа санаа зовдог хүмүүс байна уу. Саатай мөрдэс горьдоод, хуулийн байгууллага бүрийн толгой руу дүүлж нисдэг царцаанууд байна уу? Энэ бол МАН-ын бодлогын л гай ш дээ. Хохь нь.
-Одоо нэг удган гарч ирээд ЗГ-ыг донсолгож байна.
-Яахаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төрийн цэргийн байгууллага болчихдог юм. Энэ чинь хууль сахиулдаг байгууллага болохоос батлан хамгаалах чиг үүрэггүй шүү дээ. Гэтэл ёслох дуртай. Мөрдэсэнд дуртай. Өөрсдийгөө тушаалаар ажилладаг гэж боддог, цэрэг биш мөртлөө цэрэг болж тоглох дуртай хүмүүст боломж олгосныхоо горыг МАН амсаж байна.
Ер нь Монгол Улсад Үндсэн хуулийн байгууллага байгаа юм уу, үгүй юм уу? Ард түмэн сонголт өгөөд, шийдвэр гарга гэсэн албан тушаалтнууд шийдвэрээ гаргаж чадаж байгаа юм уу? Энэ шийдвэрүүд чинь удганы арын өрөөнд гараад байгаа юм биш үү? Энэ шийдвэрүүд чинь хэн нэг албан тушаалтны мухар сүсгийн золиосонд яваад байгаа юм биш үү? Харалган харанхуй тархиндаа төр болж тоглож байгаа, удганы арын өрөөнд удганд барьцаалагдаад, тэрэндээ тендер өгөөд сууж байдаг албан тушаалтнуудаар дүүрчихсэн юм биш үү?
Энэ асуудлыг одоо УИХ татаж аваад, нээлттэй хяналт хэрэгжүүлээд, сонсгол зохион байгуулаад, шийдэх ёстой. Одоо Монгол Улсын дотоод аюулгүй байдал чинь гадаад аюулгүй байдал болж хувирсан байна. Энэ янзаараа гадны тагнуулын байгууллага их зардал гаргаж, нүсэр систем хийж, Монгол Улсад гүйцэтгэх ажиллагаа явуулах ямар ч шаардлага алга. Нэг удганы ард сууж байгаад, төрийн бүх мэдээллийг аваад, Монгол Улсыг залж чиглүүлэх боломжтой болчихсон юм байна.
-ШШГЕГ-т яагаад нүүрсний уурхай байдаг юм бол?
-2013 онд Шашинхурах, Төрхурахын аманд байгаа ШШГЕГ-ын амралтыг Н.Алтанхуягийн ЗГ-ын үед “Ер нь яагаад хорих байгуулагад дарга нарын амралтын газар байдаг юм бэ. Үүнийг зараад, мөнгөөр нь хорих байр барих, орчныг сайжруулъя” гэсэн шийдвэр гаргасан. Одоо болтол тэр амралтын газар нь ШШГЕГ-т байдаг. Тэр амралтын газрын дарга нь хэн болох тухай хэрүүл болдог тухай сонсоод цочир сонсогдлоо.
Тухайн үед хилийн цэрэгт нүүрсний орд байсан юм. Дорнод, Сүхбаатарын хил дагуу. Хилийн цэрэг нүүрсний ордтой байж болохгүй. Хууль сахиулах, аюулгүй байдал сахиулах байгууллага уул уурхайн бизнес хийж байгаа нь огт хийх ёсгүй ажил хийж байна гээд таслан зогсоож байсан. Одоо хилийн цэрэгт байгаа юм биш биз дээ. Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” гэдэг санаачилгаа их дутуу харж хийж байгаа юм байна.
Тэр үед алга ташиж байсан шоронгийнхоо хаалгаар алхаж орсон ах нар байгаа. Тэд надаас “Чи ярьж байсан нөгөө гоё шинэчлэлээ хийгээгүй юм уу” гэж асуудаг. Миний хийснийг МАН-ын ах нар нураасан. 6 сарын дараа ямар байхаа олж харах чадваргүй болчхож. Гол зогоож байгаа хов жив чинь бидний маргаашийн асуудлыг шийдэхгүй. Энэ ЗГ яагаад хов жив хөөж, өнгөрснөө ухаж ажилладаг болчхов оо? Угаасаа ирээдүйг харж чаддаггүй хүмүүс тийм юм хийж чаддаггүй юм.
Миний хамгийн их хүсэж байгаа юм бол УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог ажиллуулаад, энэ бүх яригдсан юмыг шалгаж, үр дүн гаргадаг болмоор байна. Энэ ярьж байгаа юмыг хэчнээн жил ярив аа. 1, 2 дүр л өөрчлөгдсөн байх. Өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Удганы арын өрөөнөөс биш, УИХ-ын танхимаас шийдвэр гаргадаг болгомоор байна.
Б.Энхбаяраас авахуулаад, МАН-ын үе үеийн ХЗДХ-ийн сайд нар дандаа гэмт хэрэг ярьдаг. Хэн үнэн ярьсныг шалгадаг болмоор байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тагнуулын байгууллагын үйл ажиллагаа явуулдаг болсон тухай яриа чих дэлсээд л байсан. Хууль сахиулах ажиллагааны хууль тусад нь батлуулах хэрэгтэй.
ЗГ-ын гишүүд яагаад ажлаа яаж хийхийг УИХ-ын гишүүдэд заах болов оо? ЗГ-ын сайд нар хэмжээндээ байх ёстой шүү. УИХ-ын дарга ийм асуудалд дуугарч байх ёстой. Нам доторх том фракцаа дагаад гүлдийгээд сууж байж болохгүй шүү.

