МАН-ын Удирдах зөвлөл өглөө Төрийн ордонд хуралдаж, ХЗДХ-ийн сайдаар хэнийг томилохоо хэлэлцэв. Уг албан тушаалыг МАН өмнө нь 30-ын бүлэгт өгсөн. Энэ удаад ч тус бүлэг суудлаа авахаар үзсэн байна. Тэр ч ёсоор болжээ.
30-ын бүлэгтэй муудахгүй байх, бас найзыгаа албан тушаалд тавих гэсэн давхар санаагаар Н.Учрал энэ удаад сонголт хийв. Тэр утгаараа Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал ХЗДХ-ийн сайдын суудлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, гартаа авав. Тэр найз Г.Тэмүүлэнгээ уг албан тушаалд тавихаар зүтгүүлж, МАН-ын Удирдах зөвлөлөөр шийдүүлж чадлаа.
“3 удаа парламентад сонгогдсон ч сайд хийгээгүй нь ганц Г.Тэмүүлэн байна. Энэ нь зарчмаар түүнийг томилох нь зөв” гэсэн байр сууиар МАН-ын УЗ түүнийг дэмжжээ. Г.Тэмүүлэн УИХ-ын АБГББХ-ны даргын албыг 3 жил гаруй хашиж буй. Үүнээс харвал УИХ дахь МАН-ын бүлэг ээлжлэн сайд болдог хуваарьтай аж. Хуваарийн дагуу Г.Тэмүүлэн сайд болж байгаа байх нь.
Н.Учралыг анх ЗГ-аа бүрдүүлж эхлэхэд Г.Тэмүүлэн сайд болох сураг гарсан ч чадаагүй. Харин энэ удаад С.Амарсайханы оронд очихоор болж байна. Улс төр дэх ханхүү нар ийн ЗГ-т суудал эзэлж, албан тушаалын шатаар ар араасаа ахиж явна. Н.Учрал араасаа найз нараа татаж эхэллээ.
Г.Тэмүүлэн, Э.Батшугар зэрэг “ханхүү” нарын төлөөллийг тэр танхимдаа сайд болгож байна. Энэ нь олон улстөрчийн төдийгүй жирийн иргэдийн эгдүүцлийг өдөөх нь ойлгомжтой. Үе улиран, удам дамжин, төр түшилцэх явдал нь жирийн олонд зиндаархал үүсгэж буй мэт сэтгэгдэл төрүүлэхээс Н.Учрал жийрхэхгүй байна.

