МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН бүлэгт 30:38 гэсэн тоо байхгүй. МАН дотор талцал, хуваагдал байх ёсгүй. Энэ агуулгаар тодорхой түвшний уулзалт зохион байгуулж байна” хэмээн өглөөхөн том дуугарсан. Хэлсэн үгнийх шүлс хатаагүй байхад чуулганыхаа ирцийг МАН бүрдүүлж чадахгүй, ядарч сууна. Үнэхээр энэ намд талцал хуваагдал байхгүй бол өдийд ирцээ бүрдүүлж, чуулганаа хуралдуулаад, Г.Тэмүүлэнгээ ХЗДХ-ийн сайдаар томилчих хугацаа өнгөрлөө.
Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлсөн. Түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох санал оруулж, МАН-ын Удирдах зөвлөл 100%-ийн саналаар дэмжсэн гэх. Намынхаа даргын үгийг гишүүд нь сонсож, тавьсан саналыг нь хүлээж авсан байх л даа.
Гэвч 39 хүний гарыг өргүүлэх, 68 хүний гарыг өргүүлэх өөр. МАН-ын Удирдах зөвлөл 39 гишүүнтэй. Н.Учрал, Я.Содбаатар нар 39 хүний гарыг өргүүлж чадсан ч 68 хүний гарыг өргүүлж чадахгүй байна.
УИХ-ын 14:00 цагийн нэгдсэн чуулганаар Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайдыг танилцуулахаар зарласан. 12:00 цагаас хойш МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлэхээр мэрийж байгаа ч чуулган эхлэхэд, 52 гишүүн л бүртгүүлээд байна. Энэ нь 41.3%. Ирц хүрсэнгүй.
УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй. 3 хоногийн завсарлага авсан. Тиймээс МАН-ын бүлэг ирцээ дангаараа бүрдүүлэх ёстой.
Уг нь 68 гэдэг бол ирц бүрдүүлэхэд хангалттай тоо. Гэвч 30:68 болоод хуваагдчихсан тус бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй өдий хүрэв. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН дотор талцал, хуваагдал байх ёсгүй. Энэ агуулгаар тодорхой түвшний уулзалт зохион байгуулж байна” гэж өглөөхөн мэдэгдсэн. Үүнээс үзвэл 30-ын бүлэг ирцээр 38-ын бүлгээ шахаанд оруулж байгаа аж. Я.Содбаатарын уулзалтын үр дүн яаж гарахаас шалтгаалж, чуулган өнөөдөр хуралдах уу, Г.Тэмүүлэн ХЗДХ-ийн сайд болох уу гэдэг нь шийдэгдэх нь.

