Зүрх, судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол өчигдөр боллоо. Люксембургийн Их Гүнт Улсын дэмжлэгээр уг төвийг байгуулах аж. Тус улстай манай улс эрүүл мэндийн салбарт 25 жилийн турш хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсын 10,000 хүн амд ногдох зүрх судасны шалтгаант нас баралт 24.4-өөс 16.7 болж буурч, зүрх судасны өвчнөөр оношлогдсон иргэдийн нас баралт дөрөв дахин буурсан байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Бид зөвхөн барилга барихгүй. Барилгатайгаа зэрэгцүүлэн хүний нөөцөө бэлтгэж, тоног төхөөрөмжөө төлөвлөж, тусламж үйлчилгээ, сургалт, судалгааны тогтолцоогоо бүрдүүлэх ёстой” гээд шинэ төв ашиглалтад орсон өдрөөсөө бүрэн хүчин чадлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгийг илэрхийллээ.

Шинэ төв нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, мэс засал, сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхээс гадна сургалт, судалгаа, инновац, хүний нөөцийн хөгжлийн үндэсний төв болон ажиллах юм.

