Украины зүүн өмнөд хэсгийн Запорожье хотод худалдааны төв Оросын халдлагад өртөж, пүрэв гарагт галд автсан талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ.
Запорожье мужийн Цэргийн захиргаанаас нийтэлсэн дүрс бичлэгт худалдааны төвийн барилга бүхэлдээ галд автаж, өтгөн хар утаа суунаглаж буй нь харагдсан байна.
Reuters агентлаг дүрс бичлэгт гарч буй барилга, худалдааны байгууллагуудын хаягийг тус бүсийн өмнө нь авсан зурагтай харьцуулан үйл явдал болсон газрыг баталгаажуулжээ. Мөн бичлэгийг есдүгээр сарын 17-нд авсныг орон нутгийн албаныхан баталсан байна.
Запорожье мужийн захирагч Иван Федоровын мэдээлснээр, Оросын цэргийн хүчнийхэн тус хотын худалдааны төвд халдсан бөгөөд хүний амь нас хохирсон мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй байна.


