horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

С.Баярцогт: “Энэ МАН-ын, энэ АН-ын бодлого” гэж маргалдалгүй, байгаа төсвөө нийтээрээ ярих ёстой

post-img

Ардчилсан нам өнөөдөр төсвийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ үеэр С.Баярцогтоос дараах мэдээллийг тодрууллаа.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт: 

-Улсын төсөв бол зөвхөн намар яриад өнгөрдөг асуудал биш. Жилийн турш үргэлжилдэг тасралтгүй процесс юм. Өмнөх жил нь дараа жилийнхээ төсвийн хүрээг хуульчлан баталдаг Төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийг тогтвортой, зөв байлгах үндсэн зарчмыг тодорхойлсон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий.

Гэтэл сүүлийн үед төсвийн төсөл өргөн барих бүртээ уг мэдэгдлийг өөрчилж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтуудыг хүчингүй болгох эсвэл хэрэгжих хугацааг нь хойшлуулах хандлага газар авлаа. Одоогийн байдлаар тус хуульд 24 дэх удаагаа гар хүрч байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг анх санаачлан батлуулж байсан хүний хувьд үүнд туйлын харамсаж байна. Хэрэв энэ хуулийн зарчмыг батлагдсанаас нь хойших 15 жилийн турш хатуу мөрдөж ирсэн бол Монгол Улсын эдийн засаг эрүүлжиж, Үндэсний баялгийн сан маш их хуримтлалтай байх бүрэн боломж бүрдэх байсан. 

Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төлөөлөлд хандан мэргэжлийн зарчмаа тууштай баримтлахыг уриалмаар байна. Улстөрчид бүх салбарын нарийн мэргэжилтнүүд биш, эдийн засгийн нарийвчилсан мэдлэг дутмаг байж болно. Тиймээс тэднийг мэргэжлийн хүмүүс зөв чиглүүлж байж бодлогын зөв шийдвэр гаргуулдаг байх ёстой. 2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Батжаргал гэж залуу Хөгжлийн банкнаас зээл авч төсвийн зардлыг тэлэх Засгийн газрын шахалтыг “Би улс орны эдийн засгийг ингэж хорлож чадахгүй. Ажлаа өглөө” гээд зогсоож байсан түүхтэй. Нэг л мэргэжлийн хүн улстөрчдийн буруу шийдвэрийг сөрж, эрсдэлээс сэргийлж чадаж байлаа. Гэтэл 14 жил өнгөрсөн, өнөө үед мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан нэр зүүгээд, “Бидний үгийг сонсохгүй байна” гээд сууж таарахгүй.

Ямар санал хэлж байгаа вэ гэхээр “Энэ энэ зүйлийг хийе. Үүнийг болье. Энийг хойшлуулъя” гэж ард түмэндээ үнэнээ хэлэх хэрэгтэй.

Монгол Улсын төсөвт ямар дутагдал гараад байна гэхээр бүх макро эдийн засгийн үзүүлэлт сайн. Улсын эдийн засгийн өсөлт 7.7% гэж гараад байна. Гэтэл айл өрхийн орлого 4.9%-иар буурчхаад байна. Тэгэхээр л энэ бодлого чинь буруу байна гэж харагдаад байна. Улсын эдийн засаг 7.7% өсөөд, өрхийн орлого 5%-иар ч юм уу өссөн байвал эрх баригчид, төр засаг зөв юм хийж байна гэж харагдана.

2-рт, ноднин жил инфляцыг 6±2 гэж заасан. Гэтэл одоо 13%. Хүнсний инфляц 25% байна. Хүнсний инфляц гэдэг чинь хамгийн орлого багатай өрхөд нөлөөлдөг. 100 төгрөг нь 75 төгрөг болж байна гэдэг чинь хамгийн ядуу хэсэгт маш их хэмжээний дарамт болдог. Тэгэхээр л бодлого буруу байна.

Урсгал зардал нэг жилийн дотор 25 хувиар өсөж байгаа нь асар их үр дагавартай. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх нь зөв боловч хувийн хэвшилд ижил хэмжээний цалин нэмэх дарамт шууд үүсдэг. Төлөвлөлтөө хийчихсэн бизнесүүдэд цалин нэмэхийн тулд зээл авах эсвэл зардлаа танах гэсэн хоёрхон сонголт үлддэг. Зардлаа танах нь ажилтнаа цомхтгож, ажлын байрыг хорогдуулахад хүргэдэг. Нийт дүнгээрээ эдийн засгийг агшааж, инфляцыг дахин хөөрөгддөг. Зардлыг нэгэнт өсгөсөн бол дараа дараагийн жилүүдэд бууруулахад туйлын хэцүү болдог. 

Төсвийн ДНБ-д эзлэх хэмжээ 37-40 хувь руу орж, бүр 43 хувьд хүрч байна. Төсөв их тэлж, зах зээл дээрх нийт мөнгийг төсөв рүү төвлөрүүлэх тусам хувийн хэвшил рүү очих санхүүжилт тэр хэмжээгээр хумигддаг. Уг нь улсын төсөв ДНБ-ий 25%-иас хэтрэхгүй байх нь зөв бодлого. Хувийн хэвшил бага татвар төлсөн ч ажлын байр бий болгож, баялаг бүтээх боломж олгох учиртай. Сонгуулийн бус жилд төсвийг ингэж их хэмжээгээр тэлж байгаа нь маш их сөрөг үр дагавартай. Өнөөдөр хүн бүр инфляцын аюулыг ярихаа больж, тайван сууж байгаад харамсаж байна. 

Ирэх оны төсөвт татварын орлогыг 4 их наядаар нэмэх биш, харин ч бууруулах шаардлагатай. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл өндөр байх тусам далд эдийн засаг үүсэж, хоёр данс хөтлөх, гар дээр бэлнээр цалин олгох үзэгдэл газар авдаг. Энэ нь эцсийн дүндээ бизнес эрхлэгчдийг бүгдийг нь гэмт хэрэгтэн болгож хувиргадаг сөрөг талтай.

Улстөрчид сонгогчдод сайхан харагдахын тулд нийгмийг бүхэлд нь буруу тийш чиглүүлж болохгүй. Энэ үед АН нь Ардын намаа шүүмжлэх, МАН нь ард түмэндээ хайртай дүр эсгэхдээ биш. Харин хоёр нам хамтдаа зэрэгцэн сууж, үндэсний зөвшилцөлд хүрэх ёстой. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийг дагаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн суурь зарчмуудад гар хүрэхгүй байх, өнгөрсөн жил баталсан Төсвийн хүрээний мэдэгдлийнхээ хязгаарт багтаан, төсвийг батлах зарчмаа л хатуу барих шаардлагатай.

0/1000