МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН бүлэгт 30:38 гэсэн тоо байхгүй. МАН дотор талцал, хуваагдал байх ёсгүй. Энэ агуулгаар тодорхой түвшний уулзалт зохион байгуулж байна” хэмээн том дуугарсан. Үүнээс үзвэл 30-ын бүлэг ирцээр 38-ын бүлгээ шахаанд оруулж байгаа аж. Я.Содбаатарын уулзалтын үр дүн яаж гарахаас шалтгаалж, чуулган өнөөдөр хуралдах уу, Г.Тэмүүлэн ХЗДХ-ийн сайд болох уу гэдэг нь шийдэгдэнэ. МАН хагархайгаа цойлдож чадсан эсэхийг өнөөдөр арл түмэн харна.
9-р сарын 17-ноос хойш чуулганыхаа ирцийг МАН бүрдүүлж чадахгүй, ядарч суугаа. Энэ нам талцал хуваагдлаасаа болоод ирцээ бүрдүүлж чадахгүй, сайдаа томилж барахгүй, төсвөө тодотгож хүчрэхгүй болоод байна. Үнэхээр тус намд талцал хуваагдал байхгүй бол өдийд ирцээ бүрдүүлж, чуулганаа хуралдуулаад, Г.Тэмүүлэнгээ ХЗДХ-ийн сайдаар томилчих хугацаа өнгөрлөө.
Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлсөн. Түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох санал оруулж, МАН-ын Удирдах зөвлөл 100%-ийн саналаар дэмжсэн гэх. Намынхаа даргын үгийг гишүүд нь сонсож, тавьсан саналыг нь хүлээж авсан байх л даа.
Гэвч 39 хүний гарыг өргүүлэх, 68 хүний гарыг өргүүлэх өөр. МАН-ын Удирдах зөвлөл 39 гишүүнтэй. Н.Учрал, Я.Содбаатар нар 39 хүний гарыг өргүүлж чадсан ч 68 хүний гарыг өргүүлж чадахгүй байна.
УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй. 3 хоногийн завсарлага авсан. Тиймээс МАН-ын бүлэг ирцээ дангаараа бүрдүүлэх ёстой болсон. Харин өнөөдөр уг завсарлага дуусаж, АН-ын бүлэг чуулганд сууна. Тэгэхээр чуулганы ирц АН-ын бүлгийн ачаар бүрдэх янзтай.
Уг нь 68 гэдэг бол ирц бүрдүүлэхэд хангалттай тоо. Гэвч 30:68 болоод хуваагдчихсан тус бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй өдий хүрэв. Нэгэнт хагарсан МАН хагархай бутархайнуудаа яаж ч наагаад, бүтэн болж чадахгүй л байна. Байсхийгээд хагархайгаараа ангайж, ан цаваар нь ус нь гоождог боллоо.

