Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн ТЭЗҮ, БОННҮ-г хүлээн авлаа.
Төсөл хэрэгжсэнээр тухайн бүсийн 128,000 хүртэлх хүн амыг үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ. Мөн үерийн халилтын улмаас үүсдэг хөрс, усны бохирдол багасах тооцоо гарчээ. Шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож шинэчилснээр зам талбайг ухалгүй хийх юм байна. Ингэснээр цаг хугацаа, төсөв хэмнэх ач холбогдолтой аж.
Төслийн нэгдүгээр багцад нийслэлийн 5 дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрийн 9 байршилд үерийн хамгаалалтын суваг ба далан, борооны ус зайлуулах шугам бүхий нийт 95.5 километр урт усны барилга, байгууламжийг 2026-аас 2033 онд барихаар төлөвлөжээ.
Харин хоёрдугаар багцад хотын төвийн хорооллын 50-аас 60 жилийн насжилттай ариутгах татуургын шугам сүлжээг шинэчлэх бөгөөд 40 километр орчим урттай бохир ус дамжуулах хуучин хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, 350 гаруй худгийг засварлаж, шинэчилснээр шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20-оос 30 хувиар нэмэгдэж, инженерийн байгууламжийн ашиглалтын хугацаа 30-аас 50 жилээр уртасна гэж тооцоолсон байна.
2033 оны хүртэл барих үерийн далангийн ТЭЗҮ нь Олон улсын санхүүжүүлэгч байгууллагын шаардлага хангах юм.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж дуусган, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өглөө.


