УИХ дахь ХҮН-ын зөвлөл өнөөдөр эрчим хүчний урт хугацааны суурь зарчмуудыг ярилцаж, саналаа нэгтгэжээ. ХҮН-ын зөвлөлийн дарга П.Ганзориг “93 орчим тэрбум төгрөг эрчим хүчний салбарт төсвийн тодотголоор тавьсан. Импортоор авч буй эрчим хүчний нөлөөг ард иргэдэд бууруулахын тулд 107 тэрбум төгрөгийн татаас тавьж байгаа. Эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг тавьж байна” гэлээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
-Өвөлжилт бол маш чухал. ДЦС-уудын 20 зуух засаж байгаагаас 9-ийг нь засаж дууссан. Одоогийн байдлаар 11 зуух засаж байна. 12 турбин засахаас 8-ыг нь дууссан. Удахгүй бүх засвар дуусна.
Ирэх өвөл цахилгааны оргил ачаалал 1956 МВт хүрэх тооцоо гарсан. Хятадаас 80 МВт цахилгаан импортлох боломжтой Зэс-Оюу хуваарилах байгууламж (220кВ-ын дэд станц) ашиглалтад орсон.
ДЦС-3-ын 9-р турбинд 2025 онд осол гарсан. Түүнийг 2028 оны 2-р сард ашиглалтад оруулна. 5-р генераторын хугацаа дууссан. Үүнийг ашигласаар ирснийг зогсоосон. Оронд нь генератор авах төсвийг тодотголд тусгасан. ДЦС-3-ыг өргөтгөхөөр зураг төсөл хийх гэрээг ОХУ-тай үзэглэсэн. 300 МВт-аар өргөтгөх зураг төсөл бэлэн болсноор өртөг нь тодорхой болох юм.
4-р ДЦС-д Хөгжлийн банкны зээлээр 9-р зуух нэмж тавина. Өнөөдөр байгаа хүчин чадлаасаа 50% илүү дулаан нийлүүлж, хэтрүүлэн ажиллаж байна. Энэ нь аюултай, чанартай биш дулаан нийлүүлэхэд хүргэдэг. ДЦС-5, ДЦС-6 барина. Амгалангийн ДЦ-ыг өргөтгөнө. Цаашид шаардлагатай бол 7-р ДЦС-ыг барина.

