Өмнө нь Боловсролын сайд байсных нь хувьд УИХ-ын гишүүн П.Наранбаяраас Ерөнхий сайд Н.Учралын ээжийн “Их засаг кинг” зэрэг хувийн сургуулиудтай холбоотой төсвийн тодотголд тусгасан мөнгөний талаар тодрууллаа.
-Хувьсах зардал олгох асуудал бол Боловсролын ерөнхий хуулиар явдаг. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн хүүхэд бүр үнэ төлбөргүй сурах эрхтэй. Хувийн сургуульд сонголтоор сурч байгаа шүү дээ. Хүчээр хувийн сургуульд сургаагүй. Тийм тохиолдолд холбогдох зардлыг нь төр даах хүрээндээ энэ асуудал явж ирсэн юм байгаа юм. Хувьсах зардлыг 100% олгодоггүй. 10 саяас дээш төлбөртэй бол огт олгодоггүй. 1-10 сая төгрөгийн төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг шатлалаар олгодог.
Ойролцоогоор 200 гаруй хувийн сургууль бий болсон. Хувийн сургуульд сурч буй 80 орчим мянган хүүхдэд жилдээ 40 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Хувийн сургууль түрээслэх, хувийн сургуульд сурч байгаа хүүхдэд 2 дахин их хувьсах зардал олгох гэдэг юм миний үед лав байгаагүй.
–“Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн гээд яриад байгаа. Сүүлд Боловсролын сайд бас АН-ын дарга О.Цогтгэрэлтэй холбоотой зүйл ярьсан.
-50 тэрбумын асуудал гэдгээр нь хүн бүр мэддэг боллоо ш дээ. Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль гэсэн ЗГ-ын мөрийн хөтөлбөрт байгаа бодлогын хүрээнд төсвийн дэмжлэг үзүүлэх явцад төсөв нь батлагдаагүй байхад сургуулиудтай гэрээ хэлцэл хийсэн байх магадлалтай гэдэг утгаар нь хүмүүс энийг хардаж байгаа.
Төсвийн ажлын хэсэг гараад ажиллаж байх явцад ямар зүйл мэдэгдсэн бэ гэхээр 50 тэрбум төгрөг төлөвлөсөн гэдэг мэдээлэл орж ирж байсан боловч 62.2 тэрбум төгрөг гэдгийг Боловсролын яам бидэнд мэдээлсэн. 50 тэрбум дээр нэмэх нь 12.2 тэрбум төгрөг хаанаас гараад ирэв ээ гэхээр нийслэлийн засаг даргаас 8.3 тэрбум төгрөгийг яг энэ арга хэмжээнд нэмж зориулна гэнэ. Үлдсэн 3.9 тэрбум төгрөгийг сайд өөрийн хэмнэсэн мөнгөнөөсөө оруулна гээд. Ингээд ороод ирсэн. 50 биш, 62.2 тэрбум болж таарч байгаа. Бидэнд үзүүлсэн танилцуулга файлаа бидэнд өг гэсэн ч өгөөгүй.
Хотхонд бага сургууль байгуулах нь зүйтэй. Гэхдээ энэ бол шууд “Хувийн сургуультай холбогд” гэсэн үг биш. Улсын сургуулийн салбар сургууль болгох байдлаар шийдэж болох байсан зүйл. Үүнийгээ ЗГ сайтар тайлбарлах ёстой. Асуудлыг улстөржүүлж болохгүй.
–Анх хувийн сургуулиудад тоног төхөөрөмжийн дэмжлэг болгож 50 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдэг шүү дээ.
-Өгөдлийн байнгын хороонд би харьяадагддаггүй. Тиймээс яг тэр файлыг өөрийн нүдээр олж хараагүй.

