УИХ-ын гишүүн С.Амарсайханаас дараах мэдээллийг сэтгүүлчид тодрууллаа.
–Таныг сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийсний маргааш Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлсөн. Үүнд та юу хэлэх вэ?
-Энэ бол 1 сайдыг чөлөөлөх тухай асуудал огт биш. Хууль бус үйлдэл, хулгай, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой мэдээлэл би хийсэн. Хууль бус, бусармаг үйл ажиллагаатай эвлэрээгүйнхээ төлөө 1 битгий хэл 20 удаа чөлөөлөгдсөн, өөрчлөгдсөн, ажлаа өгсөн ч надад харамсах үйл байхгүй.
ХЗДХ-ийн сайдаар очихдоо би энэ салбар арай ч ийм түвшинд ортлоо доройтсон, ялзарсан цагдаа шүүхийнхнээр дамжуулаад төр нь барьцаанд орчихсон, ЗГ нь өнөөдөр дуугарч чадахаа больтол барьцаалагдчихсан байна гэж төсөөлөөгүй. Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч гэсэн би анхаарч ажилласан маш олон асуудал бий.
Өнөөдөр намайг чөлөөлж болно. Гэхдээ миний үзэл бодол, үнэт зүйлийг хэн ч чөлөөлж чадахгүй. Цаашид ч өшөө чанга дуугарч, шүгэл үлээнэ.
Дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна. Бүх түвшиндээ нуун дарагдуулж ирсэн. Маш олон асуудлаар мэдээлэл хийх, хариуцлага тооцох шаардлагатай. Олон нийтэд ярих зүйл байна. Ярихгүй зүйл ч байна. Ярихгүй зүйл гээд ард түмнээс нуух шаардлага байхгүй. Надад дурдаагүй сэдэв, нэр олон бий. Намайг устгачихдаггүй юм бол энэ баримт нотолгооноос намайг холдуулж чадахгүй.
-ЗГ барьцаалагдсан гэлээ. Та өмнө нь ч ЗГ-т ажиллаж байсан шүү дээ. Тухайн үедээ мэдээгүй юм уу?
-Хуулийн салбар гэдэг хэн бүхний дотор нь өнгийж ороод байдаг салбар биш. Дотор нь ороод харахаар, асуудлыг нь судлаад үзэхээр аманд ч багтахгүй, үг хэлээд ч харамсмаар зүйл их байгаа учраас би цаг хугацаанд нь гаргаж тавьсан гэж үзэж байгаа.
-Г.Тэмүүлэнг дэмжиж байгаа юу?
-Зөв хүн томилогдож байгаа. Цаашид дэмжиж, хамтарч ажиллана.

