horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эхнэр, хүүхдийнхээ сэтгэцэд Б.Эрдэнэсүхийн учруулсан хохирлыг 43.5 сая төгрөг гэж тогтоов

post-img

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлээ хүчирхийлсэн гэх хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Түүний хэргээс 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохиролд эхнэр, хүүхдэд нь 43 сая 560 мянган төгрөг гаргуулахаар болов. Уг мөнгийг төлөх боломж Б.Эрдэнэсүрэнд олгохын тулд шүүх хурлыг энэ сарын 28 хүртэл завсарлууллаа.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н-г байнга буюу 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2019, 2020 онд зодсон” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтээр “…хохирогч Н-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 4-р, насанд хүрээгүй хохирогч Н-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 3-р зэрэглэл тогтоогджээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д 4-р зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл, 3-р зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр гэж заасан.
Шүүхээс хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 27,720,000 төгрөгөөр тогтоожээ. Насанд хүрээгүй хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15,840,000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг тогтоож, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирлыг 43,560,000 төгрөгөөр тогтоож, хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар уг хохирлыг ажлын 5 хоногт нөхөн төлөхөөр болж, шүүх хурлаас завсарлага авчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж, 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн тус шүүх хуралдааныг 2026.09.28-ны 11:00 цаг хүртэл завсарлуулсан гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Баатар мэдээллээ.

0/1000