Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик өнөөдөр манай улсад ирлээ. Тэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 9 дүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм.
С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Милтон Дик түүнчлэн Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.
Энэ нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоожээ. Одоо өргөн хүрээний түншлэлийн харилцаатай юм байна.

