2 өдөр ирцээ бүрдүүлж чадаагүй МАН-ын бүлэг өнөөдөр арайхийж ирцээ бүрдүүлэн, УИХ-ын чуулганыг хуралдуулж эхэллээ. Тус намын бүлэг өнгөрсөн пүрэв гарагаас хойш ирцээ бүрдүүлэхээр хичээсэн юм. Гэсэн ч ирц бүрдэлгүй, чуулганыг 2 удаа хойшлуулсны эцэст өнөөдөр 50-иас дээш хувийн ирцтэй болж, 14:00 цагаас чуулган эхэллээ.
Өнөөдрийн чуулганд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох тухай Ерөнхий сайд Н.Учрал танилцуулж байна. Г.Тэмүүлэн өнөөдөр Засгийн газрын гишүүний тангараг өргөнө.
Үүнээс өөр асуудал хэлэлцэж чадахгүй шинжтэй. Учир нь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлгээс тавьсан шаардлагын дагуу өнөөдөр зөвхөн ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэх тул бид чуулганд оролцоно. Ерөнхий сайд “Өөртөө итгэл үзүүлэх” асуудлыг оруулж ирээгүй учраас бид шаардлагаа үргэлжлүүлэн тавина” хэмээн мэдэгдээд байна.

