horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх эхнээс нь дахин хэлэлцэж байна

post-img

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал, нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун нарын 11 хүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх урьдчилан хэлэлцэв. “Нийслэлийн ШШГГ-ын дарга нарын хэргийг анхан шатны шүүх цагаатгасан нь үндэслэлгүй” гэж үзээд давж заалдах шатны шүүх уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 9-р сарын 21-нд ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч гадаадын иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн. Хурал эхлэхэд хохирогч Мухамад Зоухейр Итаны хууль ёсны төлөөлөгч Д.Алтансүхийн өмгөөлөгч Б.Баатарсайхан уг хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй.
Уг хэрэгт О.Магнайгаас гадна нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн зэрэг 11 хүн холбогдсон. Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр хэлэлцэн, О.Магнай, Э.Болорчулуун, Ц.Шижир, Х.Эрдэнэ, Ш.Ядамдорж, Б.Бямбацогт, Х.Алтанцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт хатгагч, гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон. Шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Б.Батцэрэн нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүл, Эрүүгийн хуулийн 23.5-1 дэх хэсгийн “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Нийслэлийн ШШГГ-ын дарга асан, ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал, ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Үүнийг нь үндэслэлгүй гэж үзэн прокурор эсэргүүцэл бичсэн аж.
О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлсөн. Улмаар Б.Цогжаргалын тушаалаар шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мухамад Зоухейр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн О.Магнайгийн ээж С.Отгонжаргалын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн. Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулчихаад ийнхүү үнэлүүлж шилжүүлэн авахад шийдвэр гүйцэтгэгч нар албан тушаалаа ашиглан оролцсон гэж буруудсан. Нийслэлийн ШШГГ 2018.05.16-нд Ливаны иргэний эзэмшлийн “Седарс партнерс” ХХК-ийн мэдэлд байсан 11 давхар объектыг хураан авч, 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн хамаарал бүхий “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн.
Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуунд О.Магнай нөлөөлж, ээжийнхээ эзэмшлийн “Баян цамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэмээн прокурор ял төлөвлөсөн юм.
Газрын албаны дарга асан Э.Болорчулуун, Ц.Шижир нар “Улаанбаатар төмөр зам”-ын газраас дур мэдэн “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт тэргүүтэй хүмүүст олгосон, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох заалтыг зөрчин “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн эзэмшиж байсан, Сүхбаатар дүүргийн нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг нэмэгдүүлж, 12.649 болгож газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхээс Э.Болорчулууныг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, 10 газрыг бусдад эзэмшүүлж давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон.
Шүүх О.Магнайгийн нийтийн албанд 2 жил томилогдох эрхийг хасаж, оршин суугаа нутаг дэвсгэрээсээ 1 жил гарахыг нь хязгаарласан. Э.Болорчулуун, Ц.Шижир нарын төрийн албанд 3 жил ажиллах эрхийг хасаж, 3 жил зорчих эрхийг нь хязгаарласан. Х.Алтанцэцэгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил зорчих эрх хязгаарласан. Б.Бямбацогтыг 1 сая төгрөгөөр торгож, Х.Эрдэнэ, Ш.Ядамдорж нарыг 15 сая төгрөгөөр торгон, 6 сар зорчих эрхийг нь хязгаарласан.
О.Магнайгаас 500 сая, Ц.Шижирээс 340 сая, Х.Эрдэнээс 300 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Тэднийг газар зарж, ийм ашиг олсон гэж шүүх дүгнэсэн юм.
Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ 11 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, цагаатгах тогтоол хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэн, дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд буцаасан юм. Үүний дагуу тус шүүх уг хэргийг дахин эхнээс нь хэлэлцэж байна.

0/1000