“Иргэн хохирсон нь дээр үү. Баавгай хохирсон нь дээр үү? Энэ бол Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалын асуусан асуулт.
Түүнд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Хүн” гэсэн хариу өглөө. Тэр ч байтугай Засгийн газар баавгай агнах квот аймгуудад хуваарилав. Дарханы засаг даргад 3 баавгай намнах квот олгожээ.
3.5 сая хүнийг 500 баавгайтай нь хамт даасаар ирсэн Монгол орны газар нутагт одоо хүн, баавгай хоёр зэрэгцэн амьдарч болохоо байх нь. Хоол хайж хүн дээр ирсэн хоосон ходоодтой хорхойтсон баавгайн өөдөөс хүйтэн хошуутай буу шагайх эрхийг төрийн яам нь түмэн олонд өгөв. Үлэмж том биеэс нь үнхэлцгээ хагартал айхдаа энэ. Өлбөрч яваа амьтныг алах нь хүний ёс уу, төрийн ёс уу?
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн мэдээллээр манай улс 1986 онд хүрэн баавгайгаа тоолжээ. Үүнээс хойш ямар ч тооллого, судалгаа хийсэнгүй. Тэр үед байсан 500 баавгай одоо хэд болж үржсэн, эсвэл хэд нь хорогдсоныг хэн ч мэдэхгүй байна.
Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны үнэлгээг Монгол Улс 2025 онд шинэчилж, 2026 онд олон нийтэд танилцууллаа. Үүнд хүрэн баавгайг “Эмзэг” гэж ангилжээ. Энэ бол устах эрсдэлтэй гэсэн үг. Дэлхийн 195 (Косово, Тайвань зэрэг статус тодорхойгүй орныг оруулаагүй. НҮБ-ын гишүүн, ажиглагч орны тоог авав) улсын 44-т нь хүрэн баавгай бий.
Ингээд харвал манай гараг дээрх харьцангуй олон газарт амьдардаг юм шиг боловч энэ амьтан зөвхөн ойгоор нутагтай. Манай орны газар нутгийн ердөө 7.9%-ийг ой эзэлдэг. Гэхдээ энэ ой бүхэлдээ баавгайн нутаг биш. Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Улз, Онон гол, Монгол-Алтайн нурууны баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулсыг энэ амьтан сонгосныг Оросын судлаач А.Г.Банников 1954 онд, С.Дуламцэрэн 1970 онд, В.Е.Соколов, Ю.А.Орлов нар 1980 онд тогтоожээ. Түүнээс хойш энэ амьтан газар нутгаа солиогүй.
Ийм цөөн байдаг учраас Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-оор хүрэн баавгайг хамгаалсан юм.
Хүний хөл хүрээгүй, машины дугуй өнхрөөгүй, морины туурай гишгээгүй газар Монголд хаана байгаа вэ? Байхгүй. Хагийн Хар нуур, Хэрхлүүрийн сарьдагт машин очих боломжгүй ч уулчид явган, аялагчид мориор цувж байна. Хорьдолсарьдаг, Улаан тайгад ч хулгайн анчид, хууль бусаар ашигт малтмал олборлогчид хөл тавьсан. Хөвсгөлийн тайгад 7000 нинжа байсныг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга, Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх “2000 оны үед Дархадын хотгор, Улаан тайга, Хөвсгөлийн хойд хязгаарын зэрлэг амьтдыг хулгайн анчид хүйс тэмтэрсэн. Хүдэрийн заар, баавгайн савар гэх мэт зах зээлд үнэ хүрч байсан амьтдын эд эрхтнийг авахын төлөө аймшигтай зүйл болж байлаа” гэж ярьсан юм.
Энэ байдал одоо ч бүрэн зогсоогүй.
Баавгай хүний нутгийг эзлээгүй, хүн л баавгайн нутгийг эзэлснийг МУИС-ийн багш, биологич Н.Батсайхан “Малчны гэр, малын бэлчээрт хэдэн настай, ямар баавгай орж ирж байна вэ гэдгийг анзаараарай. Бамбарууштай эвш, 1-3 настай залуу баавгай байгаа юм. Эвш 1-4 бамбарууш төрүүлж, 3 нас хүртэл нь хамт байж, сургадаг. Эвш бол хүн шиг төрүүлсэн үрээ хаядаггүй. Биеэ даатал нь өсгөж, амьдрах аргад сургадаг амьтан. Гэтэл биеэ даагаагүй, зулзаган баавгай тэнүүчилж явна гэдэг чинь эх нь үхсэн гэсэн үг. Том баавгайд бариулсан эсвэл хүнд алуулсан. Баавгайг ер нь хүн л алдаг. Эхийгээ алдсан, биеэ даан амьдарч сураагүй зулзаган баавгай идэш тэжээл хайж явна” гэж тайлбарлав.
Манай гараг дээр баавгай овогтон 20-25 сая жилийн өмнө үүссэн бол эртний хүн бий болоод 6-7 сая жил болж байгааг судлаачид тогтоожээ. Тэгэхээр баавгайн газар нутгийг хүн эзэлсэн болж таарав. Зүйлийн хувьд аваад үзсэн ч хүрэн баавгай үүсээд 500.000 мянгаас 1 сая жил болж байгаа бол орчин үеийн хүн бий болоод 300 мянган жил өнгөрч байна. Яах аргагүй баавгай биднээс эртнийх, хүн бид хожуу үеийн эзлэн түрэмгийлэгчид.
Одоо ч хүн төрөлтөн эзэмшлээ тэлж, тайгад очиж гэрээ барин, малаа бэлчээгээд “Миний гэрийг баавгай ухлаа. Манай малыг баавгай барилаа” хэмээн хамаг тэнхээгээрээ хашхирч байна. Уулын модыг огтлон, “ЗИЛ131” машинаар зөөж байгаа нь хүн. Хушны самрыг болц нь гүйцээгүй байхад хэрэм, баавгай, жирх, самарч шаазгайд үлдээлгүй түүж байгаа нь хүн.
Гэтэл баавгайд намар уураг, тос шиг хэрэгтэй юм үгүй. Өвлийг давах өөхөө хуримтлуулахын тулд уураг, өөх тос хангалттай идэх ёстой. Гэхдээ тэр махчин биш. Холимог идэштэн. Яг хүн шиг. Зундаа ургамал, зөгийн бал, загас, сэг зэмээр голоо зогоож хүн шиг “ходоодоо цайлгана”.
Намар харин тийм цагаан хоол идвэл ичиж чадахгүй. Нойр нь хүрэхгүй. 100-400 кг жинтэй 40-70 кг хоол иддэг амьтны ходоод хоосон байна гээд бод доо.
Өдөрт 20 мянган ккал илчлэг авах шаардлагатай байдгийг судлаачид тогтоожээ. Энэ үедээ баавгай мах, самар, мөөг зэрэг илчлэг, өөх тос, уураг ихтэй хүнс иддэг. Монголчууд мөөг нэг их хэрэглэдэггүй ч сүүлийн жилүүдэд мөөг түүж хэрэглэдэг, зардаг хүн олширчээ. Уг нь өнөө жил мөөг элбэг ургасан тухай мөөгчид шагшиж байгаа. Мөөг баавгайн уургийн хэрэгцээг л хангана уу гэхээс тосны хэрэгцээг нь хангахгүй. Мөөг уургаар махнаас дутахгүй ч тосоор дульхан. Харин хушны самар бол баавгайн хувьд тосны уурхай. Гэвч өнөө жил бага ургацын жил нь тохиож, самар ургаагүй шахам. Ийм үед баавгай уураг, тосоо амьтны махаар хангахаас өөр аргагүйд хүрдэг юм байна.
Ийн ойн амьтдыг агнах, загас барих их өрсөлдөөнд бүх баавгай орж, бамбарууштай эвш, нас бие гүйцээгүй зулзаган баавгайнууд энэ өрсөлдөөнөөс шахагджээ. Ийм баавгай мал барих, айлын амбаар сав, гэр ухаж айраг сүү, ааруул ээзгий олж, өлсгөлөн ходоодоо аргалж яваа бололтой.
Улаантайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх “Үзэгдэж буй баавгай ихэнх нь бамбарууш бололтой. Эх нь алагдсан эсвэл том баавгайд бариулж, эндсэн. Дахин эх олдохгүй байх. Тиймээс бид бамбаруушийг яах вэ гэж бодож, төлөвлөх хэрэгтэй.
2-рт, хоол тэжээл хомс үед их тэнэж яваад, том баавгайн эзэмшилд орж, хөөгдөж зугтаад, айсандаа зүггүй гүйн аврал эрж яваа. Манай сансрын станцтай баавгай яг ингэж байсан. 4 хоногийн дотор хэдэн том нуруу давж, олон голын сав дамжин, бараг 130 км газар зугтан, өөр тайгад очиж нуугдсан. 1 газраа 27 хоносон” гэж анхаарууллаа.
Эхийгээ алдаад Хөвсгөлийн тайгаас малын бэлчээрт орж ирсэн 3 ихэр бамбаруушийг Улаантайгын УТХГ-т тэжээж, онд оруулаад, тайгад буцаан тавьсан удаатай. Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт эхээсээ өнчирсөн 2 бамбаруушийг Хөвсгөлд аваачиж тавьсан юм.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийсэн байна. Яах аргагүй хоол тэжээлийн дутагдалтай, хорхойтсон байна. Энэ жил самар ургаагүйтэй холбоотой юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд байна” хэмээн албан ёсоор мэдээллээ.
Өлссөн баавгай аргаа барахдаа шоргоолжны үүр ухаж, өндөг, авгалдай, хүүхэлдэй, шоргоолжийг нь долоож иддэг. Тэр нь гол зогоохгүй. Харин ч ходоодны шүүсийг нь улам ялгаруулж, хоол идэх хүслийг нь улам өдөөнө. Ингээд баавгай байж ядан тэлчилж, галзуурсан мэт аашилна. Ийм үедээ баавгай хүн рүү дайрах магадлал ихэсдэг.
Улаантайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх “Баавгайн баасыг шинжихэд зундаа шимт шүүслэг, өвлөг ургамал мал шиг зулгааж идээлдэг. 8-р сард төрөл бүрийн жимс идэж, жимсний чанамал шиг баастай болдог. 9-10 сард самраар баасан байдаг. Жирх, хэрэмний самраа нөөцөлсөн ордыг ухаж, бэлэн хоолоор дайлуулдаг” гэж онцлов.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын 2024 оны мэдээллээр Хэнтийн нуруунд самар жимс олигтой ургаагүй 1962, 1971, 1988, 2019 онд баавгай хорхойтох үзэгдэл тод илэрчээ. ШУА-ийн Биологийн хүрээлэн 2019 оны намар Хэнтийн нуруу тойрсон 3 аймгийн 26 сумын суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 133 тохиолдлыг бүртгэжээ. Тэр үед баавгай айлын гэр амбаар, зөгийн үүр 51-ийг эвдлэн сүйтгэж, 155 мал барьж, 15 удаа айлын аарц, ааруул, тос, гурилыг авч явсан байв.
2025 онд Сэлэнгийн 10, Дархан-Уул аймгийн 1, Хөвсгөлийн 1 суманд баавгай малын бэлчээрээс 146 мал барьж, 1 гэр нураажээ. 2026 он гарсаар баавгай 10 аймгийн нутагт 80 гаруй удаа зочлоод байна. Ойн ургац муудах, хүн суурьшсан бүсэд баавгай орж ирэх үзэгдэл 10-20 жилд тохиолддог байсан бол одоо давтамж нь ойртож, 6-7 жил болов.
Харин баавгай хүн барьсан хэрэг 7 жилийн өмнө гарчээ. 2019.10.03-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойн голд эцэг, хүү хоёрыг баавгай барьжээ. Гэр нь нурсан, маш их цус асгарсан, хүний тасарсан эрхтэн тэндээс олдсон тул Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шалгаж, 55 настай эрэгтэй, 8 настай хүүтэйгээ амиа алдсаныг тогтоосон байна. Тэр нь хорхойтсон баавгай байж тараад, гэр сүйтгэх үедээ эцэг, хүү хоёртой халз таарч, барьсан байх гэж хүмүүс таамаглаад хоцорчээ.
Байгаль хамгаалагч, биологичдын ярианаас үзвэл баавгай хүнтэй халз таарахгүй л бол дайрдаггүй гэнэ.
Баавгай 4 хөллөн явж байхдаа толгой нь газарт ойр, доор байрладаг. Ингэж явахдаа хүнийг хардаггүй аж. Хүн түүнийг хараагүй бол хоорондоо халз тулгарна. Түүнээс биш баавгай, чоно гээд бараг бүх амьтан хүнээс зугтдаг юм байна.
Түүнээс хойш ийм хэрэг гараагүй. Гэсэн ч хүмүүс баавгайнаас айхдаа алахыг хүсэж байна. Барааг нь хараагүй хүмүүс ч ийм зүйл хүсэж, бүр шаардаж байна. Хүрэн баавгайг манай улс 2013 онд “Улаан ном”-д оруулж, агнахыг хориглосон ч ямар нэг шалтгаанаар алсаар ирлээ. Монгол оронд 2013-2023 онд хууль бусаар баавгай агнасан 50 хэргийг цагдаагийн байгууллага бүртгэжээ.
Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багт 2019 оны 9-р сард айлын гэрт халдсан баавгайг буудан устгажээ. Тус аймгийн Батширээт сумын Цагаан горхины адагт намаржиж байсан Д.Оюунцэцэгийн гэрийг 2019.10.18-нд нурааж, сүйтгэсэн баавгайг алжээ. Ийм байдлаар 4 баавгайг аймгийн засаг даргын А/510 захирамжаар байгуулсан ажлын хэсгийн зөвшөөрлөөр буудаж, устгасан байна. Батширээт сумын засаг дарга М.Болд энэ тухай “Баавгай хоол тэжээл дутагдсанаас хүн, мал руу дайрч байгаа. Сая устгасан баавгайн гэдсэнд шорооноос өөр хоол байгаагүй” гэж 2019.10.23-нд ярьж байв.
Үхсэн баавгай Хэнтий аймгаас олж, задлан хийгээд “Өлсөж үхсэн” гэдэг онош тавьсан удаа ч бий. Хөвсгөлд 2 жилийн өмнө баавгайн ходоод бас хоосон байлаа. Одоо ч гэсэн малчид баавгай бариад, ам руу нь сүү, айраг цутгахад ховдоглон ууж байгаа бичлэг цахим сүлжээнд нэлээд байна. 2019 оноос хойш айлын гэр, амбаар ухаж, савтай айргийг нь уусан явдал олон гарч байв. Энэ бүхнээс харвал баавгай өлссөндөө хоол хайж явсаар уулнаас бууж, айлын гэр, малчны хотонд орж байгаа нь илэрхий.
Үнэндээ баавгай ч бас хүнээс айж байгаа гэдгийг бид бодолцох л учиртай.
Хүн, баавгай хоёрын тулгаралт одоогоор хэдэн малын гарзтай байгаа ч эцэстээ яаж дуусах бол? Төмөр машинтай, галт буутайгаараа хүн үлдэж, ясан хөлтэй, махан зүрхтэйгээрээ баавгай дуусах нь ойлгомжтой л доо.
Одоохондоо баавгай 1 ч хүн бариагүй байна. Харин хүмүүс өч төчнөөн баавгай алчихлаа. Аймгуудын засаг дарга нар ажлын хэсэг байгуулж явуулаад, агнуулдаг. Одоо ч агнуулж л байна. Үүн дээр нэмээд сая БОУАӨЯ баавгай агнахыг зөвшөөрөв. “Зайлшгүй тохиолдолд алахыг зөвшөөрсөн” гэж Ц.Сандаг-Очир сайд мэдэгдсэн ч захын малчин баавгай намначхаад “Над руу дайрсан юм. Амиа хамгаалах гээд…” гэж тайлбарлах эрхтэй боллоо. Угаасаа аймгуудын засаг дарга нар зөвшөөрөл өгч, баавгай буудуулдаг. Үүн дээр БОУАӨ-ийн сайд ийм зөвшөөрөл нэмж өгч байгаа нь далим хайгчдад буугаа шүүрээд гарах шалтаг өгсөн хэрэг юм.
Баавгайн сургаар “Буу олж ав, бууд”, “Алаач ээ! Өөр яах юм. Хүнээс үнэтэй байх уу”, “Алаад урагш нь зараач ээ”, “Шууд ал, алаач”, “Хүний аминаас үнэтэй амьтан гэж байхгүй”, “Шууд бууд”, “Ал ал”, “Алаач. Хүний аминаас дээр байна гэж юу байх вэ”… гэх мэтээр шаагилдаж суугаа хүмүүст Ц.Сандаг-Очир сайдын мэдэгдэл сайхан завшаан болох биз. Энэ бол time.mn-д 2026.09.10-нд нийтэлсэн “Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд баавгай айлын хот руу орж ирэх, дайрах тохиолдол гарч байна” гэсэн гарчигтай видеоны 38 сэтгэгдлийн зах зух нь.
Ботаникийн цэцэрлэгт 2026.09.20-ны шөнө баавгай үзэгдсэн тухай мэдээний доорх сэтгэгдэл бүүр ч эвгүй.
- Нэргүй.Л: Тэгээд шууд буудах хэрэгтэй. Манай мал дарга нар хүн идүүлж байж л нүд нь нээгдэх байх.
- Nyam Nyamaa: Байгаль орчны сайдтай тулгараасай. Нотлох баримтаа яаж бүрдүүлэх талаар үзүүлээсэй.
- Temuujin Erdenebaatar: Монгол хүний амь та нарын сандал суудлаас чухал уу?!!!!
- Өлзий Өлзий: Эвийлээд байгаа хүмүүс бодолтойхон уянгалаарай даа. Наадах чинь араатан.
- Bee Ant: Баавгайд хайр зарлаад байгаа хүмүүс ээ. Баавгай чинь хүрээд ирсэн байна шүү !!!!!!
Хүмүүсийн сэтгэгдлийг харвал айсандаа алахыг шаардагсад байхад энэ дуулианыг далимдуулан баавгай агнаж, доньд, савар, шүд, соёо, өөх, бөөр, арьсыг нь авахыг хүсэгчид бас байна. “Баавгайн тос шарханд нам даа. Хүүхэд байхад манайд байж байж билээ”, “Баавгайн савар жирэмсэн эхийг хурдан төрүүлдэг гайхалтай эд” гэх мэт сэтгэгдэл бичсэн хүмүүс ашиг хонжоо хайгаагүй гэж үү!
Баавгай агнах хориотойг мэдсээр байж хүмүүс тэртэй тэргүй агнасаар л байгаа шүү дээ. Экологийн цагдаагийн алба 2025 оны 6 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт хяналт шалгалт хийж, хүрэн баавгай агнасан Б.О-г илрүүлжээ. Уг хэргийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэлэлцээд, Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5.1-д зааснаар 5.4 сая төгрөгөөр торгосон юм. Үүн дээр тэр нэмж 24.9 сая төгрөгийн нөхөн төлбөр төлсөн.
Учир нь Засгийн газар 2023.07.05-нд 260 дугаар тогтоол гаргаж, “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г баталсан юм. Үүгээр хүрэн баавгайг 12 сая 450 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг. Эл үнэлгээг хуулийн дагуу 2 дахин нэмэгдүүлж, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг.
Гэхдээ мөнгө бол цаас. Одоо үед бол тоо. Б.О нийт 30.3 сая төгрөг төллөө гээд тэр хүрэн баавгай амилахгүй. Гэсэн ч Монгол Улсын Засгийн газар экологид учруулсан хохирлыг эдийн засгийн аргаар ингэж нөхөн төлүүлдэг.
Тэгвэл хүний амийг Монголын төр яаж үнэлдэг вэ? Баавгай, хүн хоёрын аль нь үнэтэйг нийгмийн сүлжээгээр сануулж байгаа хүмүүс үүнийг анзаарна биз ээ.
Баримт 1. Төв аймгийн иргэн Б согтуудаа 2024.03.20-нд хүнтэй маргалдаж, түүнийг зоджээ. Зодуулсан хүн нь тархины гэмтлийн улмаас 9 хоногийн дараа Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, 2024.04.10-нд нас барсан байна. Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх уг хэргийг 2025.12.10-нд хэлэлцээд, Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1-д заасан “Хүн алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оноожээ.
Б хохирогчийг эмчлэх, оршуулах зардалд 14 сая төгрөг, шатахууны зардалд 197 мянган төгрөг, хоног хураах зардалд 833.179 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт 12.644.500 төгрөг, хохирогчийн хамтран амьдрагчид 1 сая төгрөг төлжээ. Нийт 28.674.679 төгрөг.
Баримт 2. Өмнөговь аймгийн нэгэн бааранд 2 хүн маргалдан, нэгийгээ цохьжээ. Гэмтлийн улмаас 1 нь нас барсан байна. Уг хэргийг тус аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2025.06.12-нд хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1-д заасан “Хүн алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, 9 жил хорих ялаар шийтгэжээ. Тэр талийгаачийг оршуулах зардалд 7.405.194 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 129.580.000 төгрөг гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлжээ. Нийт 133.985.194 төгрөг.
Хэргийн байдлаас шалтгаалаад хүнд өгөх нөхөн төлбөр өөр өөр байдаг аж. Харин баавгайд бол ийм ялгаа бараг байхгүй. Хүний талаас харвал баавгайнаас хүн үнэтэй. Баавгайн талаас харвал хүнээс баавгай үнэтэй. Харин байгаль эхийн талаас харвал хүн, баавгай 2 яг адилхан үнэ цэнтэй байж таарна.
Хүрэн баавгай бол Төв Азийн өндөр уулсаар амьдарч байгаад, Их мөстлөгийн үед усталгүй тэсэж үлдсэн цөөн амьтны нэг. Хуурай газрын 30% нь мөсөөр хучигдсан тэр үед тэссэн, дараа нь Дэлхий огцом дулаарахад давсан энэ амьтныг одоо хүн устгах юм биш байгаа, арай!

