АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Грийнландын болон Данийн удирдагчид есдүгээр сарын 22-нд Грийнландад АНУ-ын цэргийн оролцоог нэмэх боломж олгосон гэрээнд гарын үсэг зуржээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотод байгуулсан уг гэрээ нь Трампын Грийнландыг АНУ-ын нутаг дэвсгэр болгох тухай шаардлагад хүрээгүй ч стратегийн ач холбогдолтой тус аралд АНУ-ын цэргийн байр суурийг өргөжүүлэх боломжийг хуульчилсан байна.
Гэрээнд АНУ баллистик пуужингийн аюулаас хамгаалах “Алтан бөмбөгөр” буюу “Golden Dome” системийг Грийнландад байгуулах боломжтой гэж тусгажээ. Арктикийн бүс дэх Орос, Хятадын оролцоо нэмэгдэж буй энэ үед Грийнландын стратегийн ач холбогдол өсөж байгаа юм.
Грийнландын нийслэл Нуук хотын оршин суугчдын байр суурь харилцан адилгүй байгаа бөгөөд зарим нь уг гэрээ Арктикийн аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ гэж үзсэн бол зарим нь Грийнланд НАТО-гийн бүрэлдэхүүнд байдаг тул аль хэдийн аюулгүй байдлын баталгаатай гэж үзэж байна.
Грийнланд өмнө нь Данийн колони байсан бөгөөд одоо Данийн Вант улсын бүрэлдэхүүн дэх өөртөө засах эрхтэй нутаг дэвсгэр юм. Тус арал Арктик болон Хойд Америкийн хооронд стратегийн байрлалтайгаас гадна эрчим хүч, ашигт малтмалын арвин нөөцтэй.


