Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Шадар сайд Т.Доржханд:
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, идэвхжүүлэх, урт хугацаанд үргэлжлүүлэх, хамгаалах, дэмжих цогц ажиллагааны төлөвлөгөөг өнөөдөр ЗГ баталлаа. 1990-2025 оны хооронд 52.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас хийсэн байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын 74.4%-ийг уул уурхайн салбарт оруулжээ. Хөрөнгө оруулалт төрөлжөөгүй байна. Үүнийг яаж төрөлжүүлэх вэ, яаж татах вэ гэдэг талаар хэлэлцлээ. Цаашид ЗГ гадаадын 5 чиглэлийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
- 1.Сэргээгдэх эрчим хүч
- 2.Дата төв, хиймэл оюун
- 3. Нэмүү өртөг шингээх уул уурхай
- 4. Хөдөө аж ахуй
- 5. Аялал жуулчлал
Хөрөнгө оруулалтын хууль, дагалдах хуулиудыг баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг ажиллаж байна. Энэ агентлаг тогтолцоогоо бэхжүүлэх, аль хэдийнэ Монголд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчаас уг агентлагт гаргасан гомдлыг 30 хоногийн дотор шийднэ.
2030 он гэхэд Монгол Улсын нийт эрчим хүчний 30%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангана. Одоо бол 10% байгаа. Сэргээгдэх эрчим хүчний станцуудыг хувийн компаниуд барина. Үүнийг ЗГ дэмжинэ.
-10 аймагт ДЦС барих ажил юу болсон бэ?
10 аймгийн дулааны цахилгаан станцыг барихаар шалгарсан компани ажлаа хийж чадаагүй. Дампуурсан. Энэ бол муу түүх, сургамж. Хувийн хэвшлээр хийлгэх гэж байгаа шалтгаан нь энэ.
10 аймагт ДЦС барих байсан. Дулааны үнэ өнөөдөр хямд байгаа. Тийм учраас хувийн компаниуд орж ирэхгүй байгаа. Хувийнхан орж ирэхгүй болохоор төр өөрөө ордог.
Дулааны үнийг чөлөөлбөл хувийн компаниуд энэ ажлыг маш хурдан хийнэ. Өртгөөс нь 3 дахин хямд үнээр зар гэхээр хувийнхан орохгүй. Үнэ нэмэх гэхээр үнээ хямд байлгахыг иргэд шаарддаг. Үнэ өндөр байвал нийлүүлэлт өсдөг. Эргээд үнэ буурдаг. Энэ бол эдийн засгийн онол шүү дээ.
Энэ жил ЗГ дулааны үнийг нэмэхгүйгээр ачааллыг төсөвт авахаар шийдвэрлэсэн.

