УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр /2026.09.23/ хуралдлаа. Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан энэ ажлын хэсэг 3 дахь удаагаа хуралдсан нь энэ юм.
Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, М.Ганхүлэг, А.Ундраа, Б.Уянга нар уг хуралд оролцов. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус салбарт төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаас, тэдгээрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, ерөнхий хяналтын сонсголын шинжээчдийн бэлтгэсэн тайлан, мэдээлэлтэй танилцсан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2015-2025 оны хооронд 29 хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд нийт 1.3 их наяд төгрөгийг төрийн дэмжлэг, урамшуулал, хүүгийн татааст олгожээ.
Уг сонсгол энэ сарын 28, 29-нд Төрийн ордонд болно.

