Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр (2026.09.23) 17:54 цагаас 15 гишүүнтэй, 51.7%-ийн ирцтэй хуралдав. Засгийн газраас 2026.08.20-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Гишүүд асуулт асуугаагүй, санал хэлээгүй тул уг төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ.
Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Сангийн сайд З.Мэндсайхан “Эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн орлого, амьжиргаанд үүсэж буй дарамт, төсөвт учирч болзошгүй эрсдэлийг харгалзан, төсвийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор төсвийн тодотголыг боловсруулсан. Азийн хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл, мөн 250 сая ам.доллар хүртэлх нөхцөлт зээлийн шугам байгуулахаар ажиллаж байгаа. Энэ нь гадаад, дотоодын болзошгүй шокийн үед төсвийн санхүүжилтийн тасралтгүй байдлыг хангах санхүүгийн хамгаалалт болно” гэж танилцуулсан байна.
Гадаадаас авах эрчим хүчний үнэ өсөж буй. Энэ өсөлтийг хэрэглэгчдээр шууд төлүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас олгохоор тодотголд тусгажээ. Эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээнд их засвар хийх, тоног төхөөрөмж шинэчлэхэд зориулан 92.7 тэрбум төгрөг нэмж тусгасан байна. Мах, улаанбуудай, хүнсний ногооны стратегийн нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг төсөвлөсөн болохыг З.Мэндсайхан сайд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр стратегийн нөөц бүрдүүлэх төлөвлөлтийн талаар Сангийн сайдаас тодруулсан юм. Инфляцын дийлэнх хувь нь мах, хүнсний ногоо, гурил байгаа учраас Засгийн газар эдгээрийг нөөцлөхөөр болсныг З.Мэндсайхан сайд тайлбарлав. Хүнсний хангамжид төсөвлөх гэж буй 150 тэрбум төгрөгийн задаргааг “Шатахууны нөөц бүрдүүлэх зорилгоор 300 тоннын багтаамжтай сав барьж байгаа. Энэ жил 200 орчим мянган тоннын сав ашиглалтад орохоор байгаа. Үүний зардал буюу арилжааны зээлийн хүүгийн татаасын төлбөрт 24 тэрбум төгрөг өгнө. 100 мянган тонн улаанбуудай, 20 мянган тонн мах, 12 мянган тонн хүнсний ногоо нөөцлөхөөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төлөвлөөд байгаа” гэж З.Мэндсайхан сайд хэлсэн юм.

