horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цалин нэмэхэд 170.1 тэрбум төгрөг шаардлагатай

post-img

2026 оны эхнээс боловсролын салбарынхны цалинг 50 хувь, эрүүл мэндийн салбарынхны цалинг 30 хувь, шинжлэх ухааны салбарынхны цалинг 15 хувиар нэмсэн ч төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмээгүй. Иймд 2026 оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарт ажиллагсдын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэхээр ЗГ зэхэж буй. Эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 нэгж хувиар, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35 нэгж хувиар,  спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг 50 нэгж хувиар нэмнэ. Үүнд 170.1 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

Энэ талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралд “Тэвчиж болох зардлыг бууруулж, төр өөрөөсөө хэмнэж, бүсээ чангална” хэмээн Сангийн сайд танилцуулав. Энэ хүрээнд төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, томилолт, сургалт, эд хогшил, тавилга, автомашин, урсгал засвар, зөвлөх болон мэргэжлийн үйлчилгээний зардлыг хязгаарлах аж. Мөн хууль тогтоомжоор заавал олгохоор тогтоогоогүй тэтгэмж, урамшуулал, форум, хурал, баяр ёслол, олон нийтийн арга хэмжээ, сургалт, сурталчилгаа, контент бэлтгэх зэрэг тэвчиж болох зардлыг бууруулна. Түүнчлэн 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч эхлээгүй, энэ онд бодит үр дүн гаргах боломж багатай зарим хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг дахин эрэмбэлэхээр төлөвлөжээ.

Төсөв хэмнэхдээ урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758 тэрбум, хөрөнгийн зардлаас цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 440.9 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Ийнхүү зайлшгүй хэрэгжүүлэхээс бусад арга хэмжээ, зардлыг он дуустал зогсоож, чөлөөлсөн эх үүсвэрийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, төрийн үндсэн үйлчилгээнд чиглүүлэх аж.

Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувь байхаар тооцсон байна.

Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзжээ.

0/1000