horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Онцгой нөхцөл үүсвэл Засгийн газар 450 сая ам.доллар зээлэхээр бэлтгэж байна

post-img

Сангийн яам, Азийн хөгжлийн банк хамтран 450 сая ам.долларын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл боловсруулж, 2026.08.19-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлжээ. Уг хөтөлбөр 200 сая ам.доллароор Монгол Улсын төсвийг дэмжих, гамшиг гарвал 250 сая ам.доллар Монголд зээлэх гэсэн 2 зээлээс бүрдэж буй аж.

Монгол Улсад Азийн хөгжлийн банк 100 сая ам.доллар хүртэлх зээл олгон, төсөвт дэмжлэг үзүүлж ирсэн бол энэ удаа 200 сая ам.доллароор нэмэхээр болжээ. Үүний 50 сая ам.долларыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор тохиролцсон гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан УИХ-ын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд өчигдөр /2026.09.23/ танилцуулжээ.    

2024 онд манай оронд зуд болсон. Үүний дараа Засгийн газар гамшиг, эдийн засаг, санхүүгийн хямралын үед ашиглах санхүүжилтийн хэрэгсэл нэвтрүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран, холбогдох судалгаа хийж, гэрээ хэлэлцээр байгуулахад бэлтгэжээ.

Эдийн засгийн гадаад шок, байгалийн гамшиг, эрчим хүчний систем, хүнсний хангамж доголдож, онцгой нөхцөл үүссэн тохиолдолд энэ зээлийг ашиглах аж.

Гэнэт мөнгө хэрэг болсон үед цаг алдалгүй зээл авах боломж бүрдүүлэхээр ЗГ зорьжээ.

Хөнгөлөлттэй зээл нь тогтмол 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай. Эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлнө. Энгийн зээл нь СОФР+0.5 хувийн хөвөгч хүүтэй, 15 жилийн хугацаатай. Эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлна.

Энэ зээлийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн юм байна. АХБ-тай байгуулах уг гэрээ нь зээл авч байгаа хэрэг биш, зөвхөн зээл авах эрх нээж буй явдал гэдгийг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга байнгын хороонд танилцуулав. Үүнээс 125 сая ам. долларыг шатахуун, эрчим хүчний дутагдал, хүнсний бүтээгдэхүүний инфляц тодорхой түвшинд хүрсэн тохиолдолд авч ашиглах аж.

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг тус байнгын хороо зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгов. Гишүүдийн 56.3 хувь нь үүнийг дэмжлээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанд нийт 56 гишүүн суухаас 29 нь ирж, ирц 51.8 хувьтай хуралдсан байна.

0/1000