Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөх зорилгоор манай улс Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 158.3 тэрбум иен нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэх гэж байна. Энэ талаар УИХ-ын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өчигдөр /2026.09.23/ хэлэлцсэн юм. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээ байгуулна.
Сангийн сайд З.Мэндсайхан “Энэ зээл эдийн засгийн түншлэлийн тусгай (STEP) нөхцөлтэй. 40 жилийн хугацаатай. Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил. Жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй. Япон Улсын Засгийн газраас олгож буй сүүлийн нэн хөнгөлөлттэй зээл” гэж танилцуулав.
Чингис хаан нисэх буудалд 2028-2033 онд 81.9 мянган м² талбайтай зорчигч терминал барьж, холбогдох дэд бүтцийг татаж, шаардлагатай байгууламж барина. Тус буудлын дулааны станц, авто зогсоолыг өргөтгөнө.
Ингэж өргөтгөснөөр Чингис хаан олон улсын нисэх буудлын хүчин чадал 3.2 дахин нэмэгдэх аж. Одоо тус буудал жилд 1.6 сая зорчигч хүлээж авдаг. Өргөтгөснөөр 5.2 сая болж нэмэгдэх юм байна.
Энэ зээлийн гэрээний төслийг байнгын хороодын гишүүдийн 66.7 хувь нь зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгов.

