Засгийн газрын харьяанд 2025 оны эцсээр 627 хуулийн этгээд байв. Тэдгээрийн санхүүг Засгийн газар нэгтгэж, тайлан гаргадаг. Уг тайлангаас үзвэл төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой 274 хуулийн этгээд нь 6 ихнаяд 309.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 298 хуулийн этгээд 1 ихнаяд 41.4 тэрбум төгрөгийн алдагдалд орсон байна. Ашиг ч үгүй, алдагдал ч үгүй ажилласан 55 хуулийн этгээд байлаа.
Үүнээс 158-ынх нь тайланд Үндэсний аудитын газар аудит хийжээ.
ҮАГ-аас Засгийн газрын компаниудад өгсөн үнэлгээ:
- 45 нь өөрчлөлтгүй,
- 52 нь хязгаарлалттай,
- 3 нь сөрөг
Энэ аж ахуйн нэгжүүдээс нийт 7 ихнаяд 957 тэрбум төгрөгийн 900 зөрчил илэрчээ. Үүнээс 1.3 тэрбум төгрөгийн зөрчилд акт тогтоож, 150.6 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 23 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар дээд шатны албан тушаалтанд нь албан шаардлага хүргүүлжээ. Харин 4.8 тэрбум төгрөгийн 3 асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд нийт 13 ихнаяд 773.8 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, 8 ихнаяд 657.6 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 5 ихнаяд 116.2 төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Цэвэр ашиг өмнөх оныхоос 3 ихнаяд 890.8 тэрбум төгрөг (43.2%)-өөр буурсан байна. Энэ нь уул уурхайн салбараас, тэр дундаа нүүрсний экспортоос шалтгаалсан аж.
Зөвхөн төрийн өмчит компаниудыг авч үзвэл, 84 компани 6 ихнаяд 33.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 64 компани 917.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байв.
Энэхүү 917.2 тэрбум төгрөгийн алдагдлын 82.4%-ийг Хөгжлийн банк, “Тавантолгой түлш” ХХК, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “МИАТ” ТӨХК, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК гаргажээ. Эдгээр компани үйл ажиллагааны зардлаа өмнөх оныхоос 71.3%-иар нэмсэн нь алдагдалд ороход нөлөөлсөн байна.
“Эрдэнэс Монгол” ХХК дүрэмдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр зээл олгох, зээл авах, зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулах, баталгаа олгох, батлан даалт гаргахаар тусгасан байдаг аж. Гэтэл тус компанийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгт энэ нь хамааралгүй ажил. “Эрдэнэс Монгол” ХХК хараат болон охин 31 компанитай. Орлогын тогтвортой эх үүсвэргүй, алдагдалтай ажиллаж байгаа хараат, охин компаниуддаа зээлийн санхүүжилт олгож иржээ. Өмнөх жилүүдэд олгосон зээлээ төлөөгүй байхад нь өнгөрсөн жил дахин ийм зориулалтаар 6 компанид 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газрын шийдвэрээр “Багануур”, “Шивээ-Овоо” ХК, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-д урт хугацаатай зээл олгожээ. Эдгээр компани авсан зээлээ буцааж төлөлгүй, нийт 918 тэрбум төгрөгийн авлага үүсгэсэн байна. Засгийн газар хүртэл ТӨХК-иудыг ББСБ мэтээр ашиглаж, хооронд нь зээл өгүүлж, авахуулдаг болжээ.
Энэ бол Засгийн газар ТӨХК-иудаар чиг үүрэгт нь хамааралгүй ажил хийлгэж, дураараа дургиж байгаагийн баримт юм.
Үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй төсөл хөтөлбөр, арга хэмжээнд ТӨХК-иуд нийт 108.3 тэрбум төгрөг зарцуулсан байв. “Эрдэнэс Тавантолгой” ХК үндсэн чиг үүргээс нь өөр, “Богдхан төмөр зам” төсөл, газрын тос дамжуулах хоолой татах ажлыг нийт 1 ихнаяд 42.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. Ийм шийдвэр гаргаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-д огт хамааралгүй ажил хариуцуулсан буруутан нь Засгийн газар. Энэ хууль бус шийдвэрээс болоод, тус компанийн санхүүгийн тогтвортой байдал, засаглалын зарчим алдагдаж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчжээ.
Ийм гажуудал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ч давтагджээ. Тус үйлдвэрийн чиг үүрэгт байхгүй бүтцийн 7 нэгжийг “Эрдэнэт үйлдвэр”-т цех хэлбэрээр байгуулж, тэнд 791 орон тоо бий болгожээ. Үүний улмаас тус үйлдвэрт 16.6 тэрбум төгрөгийн алдагдал учирсан байна.

