“Говийн бүсэд тогтворжуулах шийдлүүд бүхий сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих аукцион багц-2″ нээлттэй аукционд нийт 10 компани саналаа ирүүлжээ. Тэдгээрээс шаардлага хангасан 2 компани дэнчингээ байршуулан, өрсөлдөв.
Аукционы үнийг 9.7 ам.центээс эхлэн дуудсан байна. “Нэт Зеро Тек”, “М Си Эс Интернэйшнл”, “Өвөр Монголын эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” ХХК-иудын түншлэл шалгарлаа. Тэд 1 кВт/цаг цахилгааныг 7.9 ам.центээр нийлүүлэх санал ирүүлсэн байв.

7.9 ам.цент бол одоо “Оюутолгой” компани БНХАУ-аас худалдан авч байгаа үнээс 24 хувь хямд аж. Эдүгээ “Оюутолгой” компани БНХАУ-ын ӨМӨЗО-оос жилд дунджаар 1.6 тэрбум кВт/ц цахилгаан худалдан авч байгаа. 2027-2030 онд энэ хэмжээ 1.87-2 тэрбум кВт-ц-т хүрэх төлөвтэй.
“Оюутолгой” компанийн худалдан авсан цахилгааны үнэ 2022 оноос хойш 18.8 хувиар өсжээ. Цахилгаанд тус компани жил бүр 120-140 сая ам.доллар төлж байна.

“М Си Эс интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү “Сэргээгдэх эрчим хүчний төсөлд үндэсний компани ялсанд баяртай байна. Манайх салбартаа туршлагатай компани. Энэ бол манай улсын сэргээгдэх эрчим хүчний хамгийн том чадлын төсөл. Бид 270 МВт сэргээгдэх эрчим хүчний систем барина. Нийт хөрөнгө оруулалт 400 сая орчим ам.доллар гэж тооцож байгаа. Төслийг ойролцоогоор 2 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ” гэж мэдэгдэв.

“Нэт зеро тек” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Орчлон “Сэргээгдэх эрчим хүчний аукцион маш өрсөлдөөнтэй боллоо. Бид өөрсдийгөө хамгийн зөв технологийн шийдэл гаргаж чадсан гэж бодож байна. 99.5% найдвартай гэдэг нь эрчим хүч үйлдвэрлэл хоёроос дээш өдөр зогсож болохгүй. Хэрэглэгчээ тогтмол, тасралтгүй хангах ёстой. Энэ төсөл хэрэгжсэнээр” Оюутолгой” гэх мэт томоохон хэрэглэгч дотоодоосоо, үндэсний инженерүүдийн барьж байгуулсан үйлдвэрээс, Монголынхоо нар, салхины эрчим хүчээр хангагдах боломж үүснэ” гэж онцоллоо.

