БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 24-нд Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахдаа хоёр орны харилцааг стратегийн тогтвортой байдлын шинэ үзэл баримтлалд тулгуурлан хөгжүүлэхийг уриаллаа.
Тэрбээр Хятад, АНУ харилцан ашигтай хамтын ажиллагааг гол чиглэл болгож, өрсөлдөөнийг зохистой түвшинд байлгахын зэрэгцээ санал зөрөлдөөнийг хянаж, энх тайвныг хамгаалах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Мөн хоёр орны эдийн засаг, худалдааны багууд шинэ тохиролцоонд хүрсэн нь хоёр улсын үйлдвэр, иргэд болон дэлхийн эдийн засагт эерэг мэдээ хэмээн онцолжээ.
Ши Жиньпин хиймэл оюуны салбарт Хятад, АНУ өрсөлдөхийн зэрэгцээ хамтран ажиллах илүү их шалтгаантайг хэлж, технологийн эрсдэл, ашиг тусын талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг санал болгосон байна. Түүнчлэн хиймэл оюуны технологид хүний хяналтыг хадгалж, түүнийг хүн төрөлхтний хөгжилд ашиглах ёстой гэжээ.
Тайванийн асуудлаар Хятадын үндэсний нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах байр суурь тодорхой хэвээр байгааг мэдэгдэж, АНУ-ыг Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэх байр сууриа хадгалж, уг асуудалд болгоомжтой хандахыг уриалсан байна.
Харин Доналд Трамп Хятад, АНУ хоёр том гүрэн бөгөөд хоёр улсын харилцааг сайн хөгжүүлэхийн төлөө Ши Жиньпинтэй нягт харилцаж байгаагаа хэлжээ. Тэрбээр эдийн засаг, худалдааны асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлж, илүү сайн тохиролцоонд хүрэхийг уриалсан байна. Хоёр удирдагч мөн Ойрх Дорнод, Украины дайн болон Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, 2026 оны АПЕК-ийн удирдагчдын уулзалт болон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахдаа харилцан дэмжихээр тохиролцжээ.


