horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Оросын армид байлдаж яваад, Укрианд олзлогдсон П.Пүрэв-Очир Буриадын иргэн байж болзошгүй байна

post-img

Монгол Улсын иргэн Пунцагийн Пүрэв-Очир ОХУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд алба хааж байгаад, Украины армид олзлогдсон талаар Украин улсын “I Want to Find” төслийн https://stoprussianrecruiters.org цахим хуудсанд бүртгэжээ. Тус мэдээллээр П.Пүрэв-Очир 1971.08.27-нд төрсөн, ОХУ-ын Зэвсэгт хүчний 38 дугаар тусгай мотобуудлагын бригадын энгийн цэрэг гэнэ. Цэргийн ангийн дугаар нь 21720. Түүнийг Восьмой гэж дууддаг байсан аж.

Түүнийг Запорож мужид Украины Зэвсэгт хүчин 2026 оны 1-р сард олзолжээ. Энэ тухай мэдээллээ 2026.09.03-нд https://stoprussianrecruiters.org цахим хуудсандаа гэрэл зурагтай нь нийтэлсэн байв. П.Пүрэв-Очирыг 2026 оны 1-р сараас Украин улс олзны хуаранд хорьж байгаа гэж “Stop Russian Recruiters” байгууллага уг мэдээлэлдээ дурдсан байна.

Тус байгууллага мэдээллээ Украины “I Want to Find” төсөлтэй хамтран энэ цахим хуудсанд нийтэлдэг аж. Уг төсөл Оросын армийн сураггүй болсон, олзлогдсон цэргүүдийн талаарх мэдээллийг бүртгэдэг юм байна.

Гэхдээ П.Пүрэв-Очир Оросын армид яг ямар замаар элссэн, гэрээгээр цэрэг болсон эсэх, ямар нөхцөлөөр Украинд илгээсэн талаар дээрх эх сурвалжид мэдээлээгүй байна. Мөн түүнийг яг хэдийд, ямар ажиллагааны үеэр Запорожийн мужид олзолсныг тодорхой заагаагүй. Зөвхөн 2026 оны 1-р сараас олзны хуаранд байгааг дурджээ.

“Stop Russian Recruiters” гэж ямар байгууллага вэ?

Энэ нь Оросын Дэлхий даяар хэрэгжүүлж буй цэрэг элсүүлэх тогтолцоог илчлэх, иргэдээ эх оронд нь буцаан авчрахын тулд дипломат арга хэмжээ авахыг Засгийн газруудад уриалах, мөн хууран мэхлэлт, албадлагад суурилсан үйлдлийг бүрмөсөн зогсоохыг Олон улсын хамтын нийгэмлэгээс шаардах зорилготой.

“Бид олзлогдсон цэргүүдийн ар гэрийнхнийг хайртай хүмүүсээ эх оронд нь буцаан авчрах үйл явцыг хурдасгахын тулд Оросын эрх баригчид болон өөрсдийн улсын засгийн газарт хандахыг уриалж байна. Хэрэв таны төрөл садан Оросын зэвсэгт хүчинд алба хааж байгаад сураггүй алга болсон, холбоо тасарсан эсвэл олзлогдсон байж болзошгүй бол “I Want to Find” төсөлтэй холбогдоно уу. Тус төсөл сураггүй алга болсон, Украины зэвсэгт хүчинд олзлогдсон Оросын цэргийн алба хаагчдын талаарх баталгаажсан мэдээллийг хөтөлдөг. Таны төрөл садангийн байршлыг тогтооход тусалж чадна. Хэрэв та эсвэл таны төрөл садан Оросын Зэвсэгт хүчинд элссэн бөгөөд амьд үлдэхийг хүсэж байвал “I Want to Live” (Би амьд үлдэхийг хүсэж байна) төсөлтэй холбогдоно уу!” хэмээн “Stop Russian Recruiters” байгууллага уриалдаг.

Хамгийн сүүлд тус байгууллага “48 орны гадаад иргэд Украины хүчинд аюулгүйгээр бууж өгөөд байна. Хэт оройтохоос өмнө арга хэмжээ аваарай” гэж уриалжээ. Уг байгууллагын мэдээллийн санд тулааны талбараас Украины армийн олзолсон Дэлхийн 51 улсын иргэний мэдээлэл байгаа аж.

Гэхдээ Пунцагийн Пүрэв-Очир Монгол Улсын иргэн мөн үү?

Буриад улсын дээд шүүх 2025.04.22-нд шүүгдэгч Пунцагийн Пүрэв-Очирт холбогдох хэргийг авч хэлэлцсэн байв. П.Пүрэв-Очир давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хандсан юм байна. Түүнийг Сергей Владимирович Федоров өмгөөлжээ.

Буриад улсын дээд шүүх П.Пүрэв-Очирт ОХУ-ын Эрүүгийн хуулийн 111.4 дэх хэсэгт заасан хэргээр яллаж, чанга дэглэмтэй хорих ангид 9 жил хорих ял оноосон байв. Ялыг тухайн өдрөөс хэрэгжүүлсэн аж. Түүнийг 2023.11.13-наас 2025.04.22 хүртэл цагдан хорьсон байна. Уг цагдан хоригдсон хугацааг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх хугацаанаас хасаж тооцохоор шүүх шийдвэрлэжээ.

Үүнээс үзвэл ОХУ-ын Буриад улсад яг ийм нэртэй хүн бас байгаа аж. Гэмт хэрэгт холбогдон, шоронд хоригдож байсан ялтныг торгуулийн суманд шилжүүлсэн байж болох талтай. Орос-Укрианы дайн эхэлсэн үеэс Оросын арми ялтнуудыг дайнд илгээж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж ирсэн. Буриадын иргэн П.Пүрэв-Очир Укрианы армид баригдаад, өөрийгөө Монгол Улсын иргэн гэж хэлсэн байж болох талтай.

Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулах гэсэн боловч ямар ч хариу өгсөнгүй. ГХЯ энэ асуудлыг сайтар нягтлан шалгасны эцэст тодорхой хариу олон нийтэд өгөх биз ээ.

0/1000