УИХ-ын 27 гишүүн Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралтай уулзсан. Уг уулзалтад УИХ-ын дарга Д.Бямбацогт байжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
-Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаар юу ярилцсан бэ?
-Л.Энх-Амгалан сайд энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг далимдуулан, төсвийн тодотгол дотор сургуулийн тоног төхөөрөмжийн зардал хэмээх 50 тэрбум төгрөгийн зардал оруулж ирсэн. Үүний задаргааг авъя гэж УИХ-ын гишүүд сөхсөн.
Гэтэл Боловсролын яам хавсралт файлыг Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга Бат-Эрдэнээр дамжуулан, Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн. Уг байнгын хорооны гишүүд тэр файлыг ямар ямар сургууль жагсаасан байна, ямар зорилгоор хувийн сургуулийн хүүхдэд төлбөр гэж 1 хүүхдэд 5.5 сая төгрөг төсөвлөсөн юм бэ гэж асуусан. Ингэхэд Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга нь бүх жагсаалтыг уншсан.
Дараа нь загнуулсан уу, дарамтлуулсан уу, эргэж буцсан. Араас нь Л.Энх-Амгалан сайд гарч ирж, УИХ-ын гишүүдийг ажлаа хийснийх нь төлөө есөн шидээр нэрлэж, дарамталсан. Үндсэндээ УИХ-ын эрхэнд халдсан. Гишүүний эрхээ чөлөөтэй явуулах боломжийг хумьсан.
Цалин, тэтгэвэр нэмэх сайн амлалтын ард 50 тэрбум төгрөгийн хулгай оруулж ирэх гэж байгаад баригдсан. Тэр хулгайгаа дарахын тулд зориуд улстөржүүлж, УИХ-ын гишүүдийг гүтгэсэн.
Үүнд 2 зүйл гарч ирж байна. Хэрвээ энэ эксел файл бодитой бол төсвийн хулгай хийх гэж байсан нь нотлогдож байгаа юм. Л.Энх-Амгалангийн сүүлд хэлсэнчлэн хуурамч файл юм бол УИХ-д хуурамч файл ирүүлсэн гэдгээр бас хуулийн хариуцлага хүлээх болчхож байгаа юм. Аль ч утгаараа Л.Энх-Амгалан гэдэг хүн хуулийн хариуцлага хүлээх нөхцөлөө бүрдүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор “УИХ-ын гишүүдийн ажлаа хэвийн хийх нөхцөлийг хангаж өгөөч” гэсэн асуудал тавихад “Эмэгтэй гишүүдээс уучлалт гуйвал чуулгандаа сууна” гэсэн гэж мушгин гуйвуулсан. Тиймээс бид МАН-ын дарга, Ерөнхий сайдтай гишүүд уулзсан. Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд Л.Энх-Амгалан сайдад “Уучлалт гуй. Энэ бол өөрийн чинь алдаа юм байна” гэж хүлээн зөвшөөрсөн. Өчигдөр, өнөөдөр бид Л.Энх-Амгалан сайдыг харсан. Уучлалт гуйхгүй гэсэн байр суурьтай байна гэж олйгосон. Бид өнөөдрөөс Л.Энх-Амгалан сайдыг огцруулах асуудлыг шаардлага болгож тавьж байна. Л.Энх-Амгалан сайдад “Улс төрийн хариуцлагаа өөрөө хүлээнэ шүү. Ямар нэг албан хаагчид тохож үлдээхгүй шүү” гэдгийг хариуцлагатайгаар хэлсэн.
-Тэгэхээр танай 30-ын бүлэг чуулганд суухгүй юм уу?
-Чуулганыг хэвийн явуулахаар бид өнөөдрийн чуулганд оролцоно. Ирэх 7 хононгийн 1 дэх өдөр гэхэд УИХ-ын даргыг УИХ-ын болон Нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороон дээр энэ асуудлыг ярилцах нөхцөл хангахыг шаардана. Л.Энх-Амгалан сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдтай дахин уулзалт зохион байгуулж, шаардлага хүргэнэ.
-Чуулганд танай 30-ын бүлгийг оролцож байгааг хараад “Хоорондоо тохиролцсон юм байна” гэж ойлгож байгаа.
-Уулзалтад 27 гишүүн оролцсон. 3 гишүүн гадаадад явж байсан. Бид ямар ч албан тушаал, хувийн эрх ашгийн асуудал яриагүй. Парламент нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах юм уу. Засгийн газрын дарамтад ороод сууж байхыг өөгшүүлэх юм уу гэдэг асуудлыг ярилцсан.
-Л.Энх-Амгалан сайдтай холбоотой асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Өргөдлийн байнгын хороон дээр уг баримтыг авч хэлэлцэх ёстой. Энэ асуудал ямар зорилготой юм бэ гэдгийг авч үзэх ёстой. Л.Энх-Амгалан сайд нь өөрөө ЗГ-аа тогтворгүй болгох зорилготой юм биш биз дээ. Үүнийгээ 30-ынхан гэдэг талд нялзаагаад, биднийг ЗГ-ын үйл ажиллагааг тогтворгүй болгох гэж байна” гэж байна.
–Л.Энх-Амгалан сайд тийм юм хийгээгүй, Ерөнхий сайдын сургуульд мөнгө төсөвлөөгүй гээд байгаа шүү дээ.
-Л.Энх-Амгалан сайд хувийн сургуулиудад зориулж, улсын төсвийн тодотголд мөнгө тавьсан нь хууль зөрчсөн. Хэрвээ тэгээгүй юм бол УИХ-ын гишүүдэд хуурамч баримт өгсөн. Үүндээ хариуцлага хүлээх ёстой.

