horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хууль бусаар мод бэлтгэсэн хүмүүсээр мод тариулж байна

post-img

Архангай аймгийн Прокурорын газар сүүлийн 3 жилд хүрээлэн буй орчны эсрэг 136 гэмт хэрэг хянажээ. Үүний 85 хувь нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг байв. Имй хэрэг Булган, Ихтамир, Цэнхэр, Тариат, Өндөр-Улаан суманд хамгийн их гардаг аж. Нутгийн иргэд ахуйн хэрэгцээндээ мод бэлтгэхдээ зөвшөөрөл авахгүй байх, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн мод бэлтгэх зэргээр ийм хэрэгт холбогддог юм байна.

Зохих зөвшөөрөлгүйгээр ой, ойн сан бүхий газарт ургасан модыг хөрөөдөх, таслах, цагаалах замаар санаатайгаар огтлох, унанги мод түүх, үндэстэй нь сугалах, булгалах зэргээр технологийн бус аргаар салган авч, ойн санд хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцдог. Хууль ёсны эрхийн бичигтэй ч зөвшөөрөөгүй хугацаанд, тоо хэмжээг хэтрүүлэх, зөвшөөрснөөс өөр газраас мод бэлтгэвэл бас хариуцлагад татдаг.

Хууль бусаар мод бэлтгэсэн хүнийг Эрүүгийн хуульд зааснаар 450 мянгаас 5 сая 400 мянган төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ. Ийм хэрэг байнга хийдэг, бусадтай бүлэглэсэн, төрийн албан хаагч ийм хэрэг хийсэн, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрээс мод огтолсон бол эрүүгийн хариуцлага нь илүү хүндэрнэ.

Архангай аймгийн шүүх хүлээн авч, мод тариулах албадлагын арга хэмжээг үндсэн ялтай нь хамт оноодог болжээ

Эдгээр ялаас гадна хууль бусаар бэлтгэсэн мод, байгалийн баялгийг хураана. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг улсын орлого болгоно. Байгаль орчинд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, төлүүлдэг.

Архангай аймагт ийм гэмт хэргийн улмаас байгаль орчинд 55.3 сая төгрөгийн хохирол учирчээ. Бэлтгэсэн мод, ашигласан техник, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 539.7 сая төгрөгийн үнэ бүхий 804 ширхэг эд хөрөнгийг битүүмжилж, хохирлыг нөхөн төлүүлэх, улсын орлого болгох арга хэмжээ авчээ.

Тус аймгийн Прокурорын газар хууль бусаар мод бэлтгэсэн хүний үндсэн ял дээр нь нэмж, мод тариулах арга хэмжээ авахыг шүүхэд санал болгодог юм байна. Үүнийг Архангай аймгийн шүүх хүлээн авч, мод тариулах албадлагын арга хэмжээг үндсэн ялтай нь хамт оноодог болжээ. Энэ нь тухайн хүнийг хийсэн хэргээ ухамсарлахад тусалдаг аж.

0/1000