horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

”Дүнжингарав”-ын гэх хэргийг прокурорт буцаалаа

post-img

Хий ачиж явсан том оврын машин, “Ниссан патрол” машинтай “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд талын уулзварт дэлбэрсэн. Үүнтэй холбоотой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр урьдчилан хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэг Баянзүрх дүүрэг дэх “Жанжин” клүбийн байранд болж,
хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.

Нийслэлийн Прокурорын газраас тус гэмт хэрэгт холбогдогч Ч.Ренчиндоржийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2026.06.19-нд тус шүүхэд ирүүлжээ. Тус хэрэгт холбогдогчийг зөвхөн бусдын амь нас, эрүүл мэндээр хохироосон үйлдэлд нь яллагдагчаар татсан байв. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл дэлбэрэлтийн улмаас шатсан гэх 207-р байрны оршин суугчдыг хохирогчоор тогтоохдоо Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн хохирогч болохыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоогоогүй байна.
Мөн тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/3222 дугаартай шүүгчийн захирамжид заасан зарим ажиллагааг бүрэн хийгээгүй аж. Тодруулбал гал түймрийн улмаас шатсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан барилга хүлээж авсан эсэх талаар шаардлагатай ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй байна.
Иймд шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

post-img

“Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд талын уулзварт 2024 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын машин, “Патрол” загварын автомашин хоорондоо мөргөлдсөн. Уг ослын улмаас хий ачиж явсан машин гэмтэж, хий алдагдан, хүчтэй дэлбэрсэн юм. Уг ослоос болоод 7 хүн амь нас эрсдэж, 20 гаруй хүн гэмтэж түлэгдэн, олон айл эд хөрөнгөөрөө хохирсон. Амь үрэгдсэн хүмүүсийн 3 нь гал сөнөөгч, 4 нь энгийн иргэн.

0/1000