“Тавантолгой түлш” ХХК энэ жил мидлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр түлш үйлдвэрлэхгүй. Зөвхөн нийслэлчүүдэд зориулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Тиймээс өмнөхөөсөө илүү чанартай түлш үйлдвэрлэж байгаа гэнэ.
Тус компани шахмал түлшээ 25.5 кг-аар савлаж байна. Үйлдвэрийнхээ жинлүүрт тохируулга хийсэн тул савласан түлшний жин, хэмжээ дутах асуудал өнөө жил гарахгүй аж.
Ачаалалтай үед “Хотула” аппликэйшн гацдаг. Иргэд түлшийг нэг дор их хэмжээгээр худалдан авах хүсэлтэй байдаг аж. Гэвч хангамжаас шалтгаалан, одоогоор 1 айлд 7 шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй юм байна. Баянзүрх дүүрэгт энэ өвөл 109 цэг шахмал түлш борлуулж байна. Эдгээр цэгт өдөр бүр 5 тонн түлш буулгаж байгаа аж.

