Чилийн нийслэл Сантьягод ням гарагт улаан үстэй хүмүүс оролцдог гүйлтийн тэмцээн анх удаа зохион байгуулагдаж, 800 орчим хүн оролцжээ.
Coloro Run нэртэй гурван километрийн гүйлтэд оролцохын тулд биеийн тамирын өндөр бэлтгэлтэй байх шаардлагагүй, харин төрөлхийн улаан үстэй, үсээ улаанаар будсан эсвэл хиймэл үс зүүсэн байх л нөхцөлтэй байв.
Энэхүү санааг Чилийн сэтгүүлч, цахим орчны нөлөөлөгч Педро Каналес гаргасан бөгөөд өөрийгөө бусдаас ялгаатай мэт мэдэрч байсан улаан үстэй хүмүүсийг нэгтгэхийг зорьжээ.
Түүний цахим орчинд тавьсан уриалга Coloro Run тэмцээнийг бий болгосон байна. Чилид улаан үстэй хүмүүсийг “coloro” буюу “colorín” гэж нэрлэдэг бөгөөд уг арга хэмжээнд төрөлхийн улаан үстэй хүмүүсээс гадна амьдралдаа анх удаа улаан үстэй болж үзэхийг хүссэн хүмүүс оролцжээ.


