horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хамгийн олон улс оролцсон олимпиадад Монголын шатарчид 16-р байр эзлэв

post-img

Узбекистан улсын Самарканд хотод Дэлхийн шатрын олимпиад 46 дахь удаагаа боллоо. Швейцарь системээр 11 өрөг тоглосон энэ олимпиадын эрэгтэйчүүдийн ангилалд 205 улсын 206 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 188 улсын 189 баг оролцов. Ийм олон улс оролцсоноороо эл олимпиад түүхэнд бичигдэж байна.

Эрэгтэйчүүдийн ангилалд Узбекистаны шатарчид түрүүлж, Энэтхэгийн баг удаалж, Германы баг хүрэл медаль хүртэв. Монгол Улсын шигшээ тамирчдын баг их мастер С.Билгүүн, ОУМ Г.Амартүвшин, М.Амилал, Х.Итгэлт , Ү.Агьбилэг нарын бүрэлдэхүүнтэй байв. Тэд 7 хожин, 1 тэнцэж, 3 хожигдон, 15 оноо авч, 26 дугаар байрт бичигдлээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын шатарчид алтан медаль хүртэж, Казахстаны баг мөнгөн медаль, Энэтхэгийн шатарчид хүрэл медалийн эзэн болов. Манайхаас их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, ОУМ Б.Мөнгөнзул, Б.Баярмаа, кандидат мастер Х.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй шатарчид оролцсон юм. Тэд 8 хожиж, 1 тэнцэн, 2 хожигдож, 17 оноотойгоор 7 дугаар байр эзэллээ.

3-7 байр эзэлсэн багууд бүгд 17 оноотой байв. Тиймээс багуудыг онооны чанараар эрэмбэлснээр манай шатарчид 7 дугаар байрт бичигджээ. Манай эмэгтэй шатарчид мөнгөн медальд хүртсэн Казахстаны багтай тэнцсэн. Хүрэл медаль авсан багтай адилхан оноотой байсныг энд онцолъё.

Эрэгтэй, эмэгтэй багуудын нэгдсэн дүнгээр уг олимпиадад Энэтхэгийн шатарчид түрүүлж, Монголын баг 16 дугаар байрт жагсав. Хувийн амжилтаар эмэгтэй кандидат мастер Х.Баясгалан 6 хожин, 4 тэнцэж, 1 хожигдон, 8 оноотойгоор ширээндээ 4 дүгээр байр эзэллээ.

0/1000