УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цаг үеийн асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
УИХ-ыг тарахыг зарим гишүүн уриалсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-“УИХ-ыг тараая” гэж байгаа гишүүд дахин нэр дэвшихгүй байх зоригтой байх ёстой. “УИХ-ыг тараая” гэчхээд ичихгүй дахин нэр дэвших нь маш увайгүй үйлдэл.
–“УИХ ажлаа хийхгүй байна” гэж зарим гишүүн ярьж, хүмүүст ийм ойлголт төрүүлж байна.
-Монгол Улсын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь Засгийн газрын үүрэг. Харин УИХ хяналт тавьж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хуульд нийцүүлэх чиг үүрэгтэй. “УИХ ажлаа хийхгүй байна” гэх шүүмжлэл гарч байна. Угтаа УИХ ажлаа хийж байгаа нь энэ юм. Учир нь олон ургальч үзэлтэй, олон намын төлөөлөлтэй парламентын гишүүдийн байр суурь өөр өөр байна.
МАН УИХ-ыг намынхаа хурал шиг бодоод байх шиг байна. УИХ дээр яагаад байр суурийн ялгаа гараад байна вэ гэхээр өргөн барьсан төсвийн тодотгол өөрөө зарим талаараа хууль зөрчсөн, хулгай, наймаагаа халхавчилсан, түүнийгээ баллуурдах гэж оролдсон мэт үр дүн гарч ирээд байгаа учраас эргэлзэж, нягталж байна. Парламентын хийх ёстой ажил бол нягтлах. Тэр дундаа гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрыг атгаж байгаа мөнгө, томилгоо болон бодит шийдвэрүүдийг нягталж, хянаж, хэрсүүгээр асуудлыг хэлэлцэх ёстой.
Тиймээс “УИХ ажлаа хийхгүй байна” гэдэг нь шүүмжлэл биш. Харин гишүүд дор бүрнээ бодож, юу нь зөв, юу нь буруу болохыг нягталж байгаа хэрэг.
Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголд асуудал байна. 2026 оны төсвийн гүйцэтгэл гарч ирэхээр энэ асуудал ил болох байх. Түүнээс өмнө алдаагаа төсвийн тодотголоор засчихъя гэсэн байдлаар Засгийн газар улайрч байна. УИХ-аас батлаагүй чиглэлээр, батлагдаагүй агуулгаар төсвийг захиран зарцуулсан асуудал байна. Их хэмжээний төсөв хуулиас гадуур захиран зарцуулсан энэ асуудлаа төсвийн тодотголоор албажуулж, хаах гэж оролдож байгаа асуудал бий. Бид жижиг хэрүүлд анхаарлаа хандуулаад байгаа болохоос биш. Энэ асуудал бол хууль тогтоох эрх мэдлийг Засгийн газар парламентаар дамжихгүйгээр өөрөө эдэлж байна гэсэн үг.

