2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хянахаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат:
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2025 оны байдлаар 23.3 их наяд төгрөгт хүрч, нийт ажиллах хүчний 45.3 хувь нь тус салбарт ажиллаж байна. Мөн манай улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газар 108.8 сая га бөгөөд 58.1 сая толгой малтай, 313.2 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, 1 орчим сая га эргэлтийн талбайд 15 мянган иргэн, 1,500 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Хүнсний салбарт 2,600 орчим үйлдвэр, цех, хөнгөн үйлдвэрийн салбарт 353 үйлдвэр, 1,769 цех үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр тоо бол энэ салбарын цар хүрээг харуулж байна. Харин өнөөдрийн сонсголоор бид төрөөс ямар дэмжлэг үзүүлсэн бэ гэдгээс илүүтэйгээр, олгосон дэмжлэгийн үр дүнд үйлдвэрлэл, бүтээмж, орлого, ажлын байр, дотоодын хангамжид ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бодит тоон үзүүлэлт, үр дүнгээр нь танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн бөгөөд эдгээр бодлогын арга хэмжээгээр бий болсон онцлох үр дүнг салбар тус бүрээр нь танилцуулъя.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАР
Газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн суурийг сэргээж, тариалангийн эргэлтийн талбайг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх, үрийн чанар, хангамжийг сайжруулах, усалгаатай тариаланг хөгжүүлэх зорилгоор 2008-2010 онд 3 жилийн хугацаатайгаар “Атрын III аян”-ыг зарлан хэрэгжүүлсэн.
“Атрын III аян” хэрэгжиж эхэлсэн 2008 оныг 2010 онтой харьцуулан үзэхэд тариалсан 202.7 мянган га-аас 316.3 мянган га-д хүрч, үр тарианы нийт ургац 212.8 мянган тонноос 355.0 мянган тонн, төмсний ургац 134.7 мянган тонноос 167.9 мянган тонн, хүнсний ногооны нийт ургац 77.9 мянган тонноос 82.9 мянган тоннд хүрч, усалгаатай талбайн хэмжээг 43.0 мянган га-д хүрсэн байна.

Ийнхүү “Атрын III аян” нь үр тарианы үйлдвэрлэл, тариалангийн талбай, техник, тоног төхөөрөмж, үрийн хангамж, усалгааны дэд бүтцийг өргөжүүлж, газар тариалангийн салбарын хөгжлийн суурийг бүрдүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр 20 мянган га хүртэл талбайд тариалж, цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль орчныг хамгаалах, хүн амыг амин дэмээр баялаг жимс, жимсгэнээр тогтвортой хангах зорилгоор “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн II үе шатыг батлан, 2010–2012, 2013–2016 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд чацаргана, жимс, жимсгэнийн тариалалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэл, боловсруулалт, хөгжлийн суурийг бүрдүүлж, 6,419 ажлыг байр шинээр бий болгосон. Тухайлбал, чацаргана тариалах талбай 886 га-аас 2.6 мянган га талбайд хүрч, бэлтгэсэн суулгац 5.5 сая ширхэгт хүрч, байгалийн чацаргана, жимс, жимсгэнийн 1.1 мянган га талбайг сэргээн хамгаалсан байна.
Мөн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортын суурийг бэхжүүлж, 2012-2014 онд 6.1 тонн чацарганы тос, 16.4 тонн чацарганы шүүсийг тус тус экспортолсон байна.
Улмаар хүнсний ногооны үйлдвэрлэл, ургацыг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулахын зэрэгцээ усалгаатай тариаланг хөгжүүлэх, хадгалалт, агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар дотоодын хэрэгцээг тогтвортой хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолоор “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг батлан 2018-2022 онд хэрэгжүүлсэн билээ.
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэл, үрийн хангамж, агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй болон усалгаатай тариаланг хөгжүүлж, суурь түвшинтэй харьцуулахад төмс тариалсан талбай 12.2 мянган га талбайгаас 21.0 мянган га, хүнсний ногоо тариалсан талбай 6.4 мянган га талбайгаас 14.2 мянган га-д, өвлийн хүлэмжийн талбай 19.1 га талбайгаас 32.3 га-д, зоорийн багтаамж 197.5 мянган тонноос 251.6 мянган тоннд хүрсэн байна.
Мөн 2017-2022 онд хүнсний ногооны нийт ургац 78.5 мянган тонноос 148.8 мянган тонн болж, төмсний нийт ургац 134.7 мянган тонноос 214.0 мянган тоннд хүрсэн байна. Хүнсний ногооны таримлын нэр төрлийг 42-оор нэмэгдүүлсэн байна. Ногоочин өрхийн дундаж орлогыг 1.5 сая төгрөгт хүргэсэн үр дүнтэй байна.
Жимс, жимсгэнийн тариалалт, суулгац үйлдвэрлэл, сорт нутагшуулалт, боловсруулалтыг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолоор “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг батлан, 2018-2022 онд хэрэгжүүлсэн байдаг.
Хөтөлбөрийн үр дүнд суурь түвшинтэй харьцуулахад (2018 он) жимс, жимсгэнийн тариалсан талбай 6,070 га-аас 6,687 га, хураан авсан ургац 2,560 тонноос 3,760 тонн болж нэмэгдэн, 2.14 сая ширхэг суулгац бэлтгэж, 5,629 ажлын байр шинээр бий болгосон байна. Мөн чацарганы кластер, өртгийн сүлжээг бүрдүүлж, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл, боловсруулалтыг хөгжүүлэх суурийг тавьсан байна.
Улмаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг 2025-2028 он хүртэл орон даяар эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. “Атар-4” аяны хүрээнд тариалангийн эргэлтийн талбайг 83.1 мянган га-аар нэмэгдүүлж, сэлгээний болон тэжээлийн таримлын үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хөрсний үржил шимийг хамгаалах, ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 15.6 мянган тонн бордоог тариалангийн үйлдвэрлэлд нийлүүлсэн.
Мөн усалгаатай тариаланг өргөжүүлэх чиглэлээр 3,031 га талбайг услах хүчин чадал бүхий 10 услалтын системийг сэргээн засварлан ашиглалтад оруулж, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг дэмжиж, төмс, хүнсний ногооны 1,200 га талбайн үйлдвэрлэлийг механикжуулах нөхцөл бүрдүүлжээ.
Ийнхүү “Атар-4” аяны хүрээнд тариалангийн газрын ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн санхүүжилт, техник технологийн шинэчлэлийг дэмжих, усалгаатай тариалан болон сэлгээний таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, хадгалалт, борлуулалт, үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр бодит ахиц гаргаж, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлээд байна.
Эдгээр бодлогын үр дүнд тариалангийн талбайн ашиглалт, эргэлтийн талбай нэмэгдэж, үрийн аж ахуй, усалгаатай тариалан хөгжиж, үтрэм, зоорь, агуулах, хүлэмжийн хүчин чадал өргөжсөн байна. Мөн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл эрчимжиж, тариалангийн үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшин 80 орчим хувьд хүрч, орчин үеийн техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх суурь бүрдээд байна. Тухайлбал салбарын 2007 оны үр дүнг 2025 онтой харьцуулахад:
• Газар тариалангийн салбарын нийт үйлдвэрлэл тайлант оны үнээр 172.7 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд төгрөгт хүрч, 11.2 дахин өссөн;
• Нийт тариалсан талбай 202.7 мянган га-аас 601.6 мянга га-д хүрч, 3 дахин нэмэгдсэн байна;
• Улаанбуудайн тариалсан талбай 154.8 мянган га-аас 392.5 мянган га буюу 3 дахин, хүнсний ногооны талбай 6.4 мянган га-аас 20.2 мянган га буюу 3 дахин, таримал тэжээлийн үйлдвэрлэл 4.9 мянган га-аас 93.4 мянган га буюу 19 дахин өссөн байна;
• Үр тарианы үйлдвэрлэл 114.8 мянган тонноос 614.1 мянган тонн болж 5.3 дахин, хүнсний ногооны үйлдвэрлэл 76.4 мянган тонноос 282.2 мянган тонн 3.6 дахин нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ стратегийн хүнс болох гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого, хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийн үр дүнд дотоодын гурил үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, хүн амын гурилын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах түвшинд хүрсэн нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлсэн чухал үр дүн болсон байна.
Ийнхүү олон жилийн турш хэрэгжүүлсэн бодлого, төрийн дэмжлэгийн үр дүнд газар тариалангийн салбар нь зөвхөн ургац үйлдвэрлэдэг салбараас илүү талбайн зохистой ашиглалт, шинэчлэгдсэн техник тоног төхөөрөмж, хөгжсөн дэд бүтэц, төрөлжсөн үйлдвэрлэл, нэмэгдсэн хадгалалтын хүчин чадал бүхий, дотоодын хүнсний хангамжийг хангах бодит чадавхтай салбар болон төлөвшөөд байна.

