horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Малын түүхий эд борлуулдаг биш, юм үйлдвэрлэдэг болох шаардлагатай байна

post-img

2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хянахаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Улсын Их Хурлаас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг батлан, 2009-2020 онд хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү бодлогын хүрээнд малчдын нийгмийн хамгаалал, амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарч ажилласан.

​Үүний үр дүнд 2009 онд нийт малчдын 10 хувь нь нийгмийн даатгалд, 35 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байсан бол өнөөдөр эдгээр үзүүлэлт 37 хувь болон 80 хувьд хүрээд байна. Энэ нь малчдын нийгмийн хамгааллын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарсныг харуулж байна. ​Үүнтэй зэрэгцэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэхэд чиглэсэн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2010-2021 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн.

​Энэ хугацаанд мал аж ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай зэрэг хуулийг баталж, аймаг, сумын түвшинд мал аж ахуйн асуудал хариуцсан нэгжүүдийг ажиллуулах зэрэг институцийн шинэчлэл хийсэн.​ “Монгол мал” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеийн 1.3 их наяд төгрөгийн мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл 2021 онд 6.2 их наяд төгрөгт, 2025 онд 8.7 их наяд төгрөгт хүрсэн байна.

​Малын эрүүл мэндийн чиглэлээр 2018-2021 онд “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх, лабораторийн чадавхыг бэхжүүлэх, вакцин, эм бэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулахад анхаарсан. ​Энэ хүрээнд Мал эмнэлгийн нэгдсэн системийг бий болгож, 90 журам, зааврыг батлан мөрдүүлж, орон нутагт хүйтэн хэлхээ, лаборатори, мал эмнэлгийн үйлчилгээний чадавхыг үе шаттайгаар бүрдүүлсэн.

​Энэ тогтолцооны ач холбогдлыг цар тахлын үеийн туршлага ч харуулсан. Малын эрүүл мэндийн салбарт өмнө нь бий болгосон хүйтэн хэлхээний чадавхыг COVID-19-ийн үед хүний эрүүл мэндийн вакциныг орон нутагт хадгалах, тээвэрлэхэд ашигласан нь энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын ач холбогдлыг харуулсан.

​Өнөөдөр бид энэ суурийг цааш нь бэхжүүлж, малын вакциныг орон нутгаас малчны хотонд хүргэх хүртэлх хадгалалт, тээвэрлэлтийн тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ “Нэг сум-Нэг мал эмнэлэг” чиглэлийг хэрэгжүүлж, сумдын мал эмнэлгийн байгууллагын чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. ​Цаашид малын тоо толгой, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна нэг малаас авах ашиг шим, нэгж бүтээгдэхүүний үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт илүү анхаарах шаардлагатай болсон.

​Өмнөх жилүүдэд малын эрүүл мэнд, тэжээл, генетик нөөц, үйлдвэрлэлийн талаар олон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, ангилах, чанарыг баталгаажуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, зах зээлд нийлүүлэх тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байна. ​Тиймээс цаашид мал аж ахуйн салбарын бодлогыг “олон малтай байх”-аас “өндөр ашиг шимтэй малтай байх”, “их хэмжээний түүхий эд бэлтгэх”-ээс “чанартай, баталгаатай түүхий эд бэлтгэх”, “түүхий эд борлуулах”-аас “нэмүү өртөг шингээж, зах зээлд өндөр үнэ цэнтэйгээр нийлүүлэх” чиглэлд шилжүүлэх шаардлагатай байна” гэж танилцууллаа.

0/1000