horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ноосны урамшуулалд 269.9 тэрбум, арьс ширний урамшуулалд 78.8 тэрбум төгрөг олгожээ

post-img

“Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд бий болгосон суурийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнөөр үргэлжлүүлж, түүхий эдийн бэлтгэлээс эхлээд боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх бүх шатны хөгжлийг дэмжиж байна. Эдгээр арга хэмжээний хүрээнд юуны өмнө түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн. Тухайлбал, 2011-2024 онд 998 мянга гаруй малчин, мал бүхий этгээдэд 269.9 тэрбум төгрөгийн ноосны урамшуулал, 2014-2024 онд 407 мянга гаруй малчин, мал бүхий этгээдэд 78.8 тэрбум төгрөгийн арьс ширний урамшуулал олгосон. Энэ нь нэг талаас малчдын орлогыг дэмжих, нөгөө талаас үндэсний үйлдвэрүүдэд чанарын шаардлага хангасан түүхий эдийг тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого байсан.

Харин өнөөдөр бид энэ бодлогыг дараагийн шатанд гаргаж байна. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ бэлтгээд зогсохгүй, түүхий эдийнхээ үнэ цэнийг Монголдоо нэмэгдүүлэх зорилтыг тавьж байна.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд 384.1 тэрбум, 2026 онд 463.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Үүний үр дүнд 2025 онд үндэсний үйлдвэрүүд анх удаа үйлдвэрлэлийн түүхий эдийн 70 орчим хувь буюу 6.0 мянга гаруй тонн, 2026 онд 60 орчим хувь буюу 4.8 мянган тонн ноолуурыг тус тус бэлтгэсэн байна.

Мөн ноос, арьс шир, савхин бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгож, түүхий эдийн бэлтгэл болон үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг дэмжсэн. Гэхдээ бидний хувьд дараагийн хамгийн чухал асуудал бол бэлтгэсэн түүхий эдээ хэрхэн илүү өндөр үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгох вэ гэдэг асуудал юм. Жишээлбэл, угаасан ноолуураа самнасан ноолуур, самнасан ноолуураа ээрмэл, ээрмэлээ сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн, цаашлаад бэлэн бүтээгдэхүүн болгох ёстой.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь, ноосныхыг 25 хувиас 55 хувь, арьс ширний гүн боловсруулалтыг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.

Үүнээс гадна ноолуурын ээрэх, сүлжих, нэхэх, ноосны ээрэх, хялгас ялгах, арьс ширний гүн боловсруулах, савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа бөгөөд үүний үр дүнд ноолуурын ээрэх хүчин чадлыг 400 тонн, сүлжих хүчин чадлыг 200 мянган ширхгээр, ноосны ээрэх хүчин чадлыг 300 тонн, хялгас ялгах хүчин чадлыг 530 тонноор нэмэгдүүлээд байна. Энэ бол зөвхөн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа асуудал биш. Нэг килограмм түүхий эдээс бий болох эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж байгаа асуудал юм.

Үүнийг бид ажлын байр, үйлдвэрлэл, борлуулалтын орлогоор мөн хэмжиж байна. Өнөөдөр хөнгөн үйлдвэрийн салбар 46 мянган ажлын байрыг хадгалж, жилд 2.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноолуурын салбарт 3,000, ноосны салбарт 2,200, арьс ширний салбарт 3,000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор ажиллаж байна. Хөдөлгөөний эхний жилд 500 орчим ажлын байр шинээр бий болсон. Мөн 2025 онд ноос, ноолуур, арьс ширний салбарын борлуулалтын орлого 16.8 хувиар, үүнээс ноолуурын салбарын борлуулалт 20.4 хувиар өссөн байна. Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр ерөнхий хяналтын сонсголд танилцууллаа. 2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хянахаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.

0/1000