2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хянахаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат:
-“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэрлэлийг зөвхөн үйлдвэр барих асуудлаар бус, мал аж ахуй, газар тариалангаас эхлээд боловсруулах үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалт хүртэлх нийлүүлэлтийн бүх сүлжээгээр нь дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2023 оноос 2026 оны эхний хагас жил хүртэл мал аж ахуй, газар тариалан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн бүхэл бүтэн гинжин хэлхээнд нийт 1.2 их наяд гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүний үр дүнд хүнсний салбарт 53 шинэ үйлдвэр ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадал 40 орчим хувиар, ажлын байр 42 хувиар нэмэгдэж, үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 32 хувиар өссөн байна.
Сүүний үйлдвэрлэл бол малчин, түүхий эд бэлтгэл, боловсруулах үйлдвэр, хэрэглэгчийг холбосон хүнсний үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бодитоор хэрхэн ажиллаж байгааг харуулсан тод жишээ юм.
2020 онд 8 үйлдвэр, цехэд 4 мянган малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 3.5 сая литр түүхий сүү нийлүүлж байсан бол 2025 онд 37 үйлдвэр, цехэд 9.3 мянган малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 19.6 сая литр буюу 5.6 дахин их сүү нийлүүлдэг болсон. Урамшуулалд хамрагдах нутаг дэвсгэр 4 аймаг, нийслэлээс 13 аймаг, нийслэл болж өргөжсөн.

Энэ нь зөвхөн малчдын орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй, сүүний үйлдвэрийн түүхий эдийн хангамж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлсөн. Сэрүүний улирлын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 5 жилийн дундаж 2015-2020 онд 30.9 мянган тонн байсан бол 2021–2025 онд 40.5 мянган тонн болж өссөн.
Хуурай сүүний импорт 2021 оны 5.4 мянган тонноос 2025 онд 4.5 мянган тонн болж, 17 орчим хувиар буурсан. Энэ нь дотоодын үйлдвэрлэл импортыг тодорхой хэмжээгээр орлож эхэлсний нэг илрэл юм. Үүний зэрэгцээ гадагш чиглэх валютын урсгалыг жилд ойролцоогоор 10 тэрбум төгрөгөөр бууруулах боломж бүрдэж байна. Ийнхүү түүхий эдийн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих бодлогын үр дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хангамжийн түвшин ч тодорхой хэмжээгээр сайжирч байна.
2025 оны жилийн эцсий байдлаар мах, махан бүтээгдэхүүний дотоодын хангамж 93.7 хувь, малын мах 99.2 хувь, сүү 99.9 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 79.4 хувь, гурил 80.9 хувь, гурил, гурилан бүтээгдэхүүн 73.6 хувь, өндөг 66.7 хувийн түвшинд хүрээд байна. Эдгээр үзүүлэлт хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн бааз, боловсруулах хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ, дотоодын хангамж зэргийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрч байгааг харуулж байна.

